ЦЕГ: Иргэн Г.Загдааг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй таван үйлдлээр шалгасан
Цагдаагийн байгууллагаас “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдааг баривчилсан талаар мэдээлэл хийлээ. Түүнийг 48 цагийн хугацаанд баривчилж, гэм буруутай нь үндэслэлтэй байвал үргэлжлүүлэн хорих аж. Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат “Цагдаагийн байгууллагаас 2019-2020 оны хооронд “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаагийн үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй таван үйлдлийг шалгасан. Хууль сахиулагчийг эсэргүүцэх, хүний биед хөнгөн хохирол учруулах, хүчиндэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна. Зарим үйлдлийг нь шалгаж дууссан. Заримыг нь одоо шалгаж байгаа. Тухайлбал, хүний биед хөнгөн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн иргэн Х-гээс цагдаагийн байгууллагад иргэн Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн гэсэн гомдол ирсэн. Үүний дагуу иргэн Г.Загдааг хойшлуулшгүй хугацаагаар баривчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэж, нотлох баримтуудыг цуглуулсны дараа зайлшгүй тохиолдолд баривчлах, мөрдөгч шаардлагатай тохиолдолд албадлага хэрэглэн гүйцэтгэх эрхтэй гэсэн зохицуулалт байгаа. Тиймээс Г.Загдааг баривчилсан нь хуулийн дагуу хийсэн ажиллагаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэрч хохирогчийг хамгаалах эрх зүйн зохицуулалт бий. Бид хохирогчийг хамгаалах талаар арга хэмжээ авна” гэсэн юм.
Дашрамд дурдахад, 2013-2019 оны хооронд дүүргийн халамжийн хэлтсээс уг төрийн бус байгууллагад 695 сая төгрөг олгосон аж.