АНУ-ын ардын баатар Эндрю Куомо
-Цар тахалтай амжилттай тэмцсэн улстөрчдийн нэр хүнд огцом өсч байна-
АНУ-ын Нью-Йорк мужийн амбан захирагч Эндрю Куомо сүүлийн үед нэр хүндээрээ муж улсдаа Д.Трампыг ч сүүдэрлэхүйц хэмжээнд хүрээд байна. Улстөрчийн тайван, прагматик зан чанар нь цар тахлын хүнд үед давуу тал болж, нэр хүнд нь муж улсаасаа халин цар тахалд нэрвэгдсэн бусад мужуудад үлгэр жишээ болон тархаж буй. Коронавирусийн дэгдэлт ихтэй байгаа зүүн эргийн долоон мужаа цар тахалтай хамтран тэмцэхийг уриалсан нь ийм үр дүн дагуулжээ. Америкчууд цар тахалтай тэмцэхэд түүний гаргаж буй хүчин зүтгэлийг Ерөнхийлөгч Дональд Трампынхаас ч дээгүүр тавьж байна.
Нью-Йорк мужийг есөн жил удирдахад түүний нэр хүнд хэзээ ч өндөр байсангүй. Цар тахлын дэгдэлт эхлэхээс өмнө буюу энэ оны хоёрдугаар сард гэхэд нью йоркчуудын 45 хувь нь л амбан захирагчаа дэмжиж байв. Иргэдийн талаас илүү нь захирагчдаа сэтгэл хангалуун бус байсан гэсэн үг. Гэтэл цар тахал дэгдэж, удирдагчдын хэн нь хэн бэ гэдэг нь харагдаж эхээллээ. Ердөө сар хагасын дараа Эндрю Куомогийн нэр хүнд 87 хувьд хүрчээ. Гурав дахиа улиран сонгогдсон ч тэрээр нэр хүндээ хэзээ ч ингэж өсгөж байгаагүй юм. Тиймээс түүнийг хүндлэх болсон шалтгаан нь зөвхөн цар тахалтай хийсэн тэмцэл нь юм. Гэхдээ цар тахал намсан ч буурахааргүй нэр хүндийг тэрээр олж авч байх шиг байна.
Эндрю Куомо.
АНУ-ын хэвлэлүүд намаар талцсан, эсрэг талын улстөрчийг нэвтрүүлэхгүй байх хандлагатай. Тэгвэл цар тахал энэ уламжлалыг эвдэж, Нью-Йорк мужийн захирагчийг либерал MSNBC гээс авахуулаад уламжлалт үзэлт FOX телевизүүд тасралтгүй нэвтрүүлсээр сар гаруй боллоо. Өдөр бүр иргэддээ ханддаг хэвлэлийн хурлыг нь шууд дамжуулж байна. Энэ бүхэн нэр хүнд өсөхөд нөлөөлсөн нь үнэн. Гэхдээ ав хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь буруу бол муу талыг нь мөн улс даяар сурталчиж байгаатай ялгаагүй. Тиймээс тэрээр ухаалаг шийдвэр, зөв бодлогоороо нэр хүндээ өсгөсөн гэх бүрэн эрхтэй юм.
Эндрю Куомо энэ жил 62 настай. Яг анхаараад үзвэл америкчуудын таашаадаг бүх давуу талууд түүнд бий. Сэм авгынхан удам дамжсан элитүүдэд их итгэдэг. Тэгвэл Эндрю Куомогийн эцэг Марио Куомо мөн Нью-Йорк мужийг удирдаж байсан. Өөрөөр хэлбэл тэр элит гаралтай нэгэн. Одоо байгаа нөхцөл байдлыг харвал, цар тахлын дараа тэрээр АНУ-ын улс төрийн хамгийн гол дүр болж магадгүй болжээ.
Марио Куомо.