ШӨХТГ: Бензин шатахууны чанарт хяналт, шалгалт хийж эхэллээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн хяналт шалгалтын ажлын талаар мэдээлэл хийлээ.ШӨХТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, Стандартчилал хэмжилзүйн газраас ажлын хэсэг гарч нэгдсэн удирдамжтайгаар бензин шатахууны чанар, дүүргэлт, хэмжээнд хяналт шалгалтын ажлыг эхлүүлжээ.
ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Хяналт шалгалтын хоёр Ажлын хэсэг гаргалаа. Шатахуун жижиглэнгээр борлуулж байгаа аж ахуйн нэгжид түүврийн аргаар шалгалтаа хийнэ. Хөндлөнгийн иргэдийн төлөөллийг оруулж шалгалтын ажлыг явуулна. Хэвлэл мэдээллийнхэн хамт явж шалгалт хийж болно. Шатахуун, бензиний дээжийг нь авч, шинжилгээ хийнэ. Дүүргэлт, дутуу шахалтын хувьд ШТС-ууд лац, ломботой байдаг. Тэр хүрээндээ ажлаа явуулж байна. АМГТГ болон МХЕГ, ШӨХТГ-аас төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлыг байнга хийдэг. Шалгалтын ажиллагааг энэ долоо хоногт явуулж, лабораторийн эцсийн дүн гарсны дараа ирэх долоо хоногт албан ёсны дүнг танилцуулна " хэмээн онцоллоо.
Түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан “ШТС-аар борлуулж байгаа АИ-92 авто бензиний октан тоо 92 л байх ёстой. Үүнд үйлдвэрлэгчээ бусад этгээдүүд бүтээгдэхүүн дээр нэмэлт бодис нэмэн чанар сайжруулж худалдан борлуулахыг хориглодог. Зөвхөн үйлдвэрлэгч өөрийн бүтээгдэхүүн дээрээ чанар сайжруулагч нэмэлт бодис хийхийг зөвшөөрсөн байдаг. ШТС дээр мөрдөгддөг норм, дүрэм бий. Хувь хүмүүсийн тухайн ШТС дээр чанаргүй шатахуун борлуулах, дутуу шахах зэрэг асуудлуудад шууд тухайн газарт гомдлоо гаргах эрхтэй. Тухайн ШТС газар дээр нь хэрэглэгчийн гомдлыг барагдуулах үүрэг хүлээсэн байдаг. Мөн шатахууны чанартай холбоотой гомдол ирвэл зөөврийн багаж хэрэгслээр шатахууны үзүүлэлтийг үзүүлж, хэрэглэгчийн гомдлыг барагдуулах үүрэгтэй. Тухайн тухайн ШТС-аар борлуулж байгаа шатахууны чанартай холбоотой мэдээллийг иргэдэд нээлттэй байршуулахаар зааж өгсөн байдаг. Гэтэл одоо ШТС-ууд иргэдэд зориулан ямар шатахуун борлуулж байгааг нээлттэй тавихгүй байгаа” гэв.