Орон нутгийн архивуудад анхаарал хандуулах шаардлагатай гэв
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд Үндэсний архивын сан хөмрөгийн бүрэлдэхүүнтэй холбоотой зохицуулалтын талаар байр сууриа илэрхийлж, тодруулга хийв. Ингэхдээ парламентад суудалтай улс төрийн намуудын баримтуудыг архивлах, 1990 оноос өмнөх МАХН-ын талаарх архивын баримтуудтай холбоотой санал гаргав. Ажлын хэсгээс эдгээр саналтай холбоотой тайлбар өгсөн юм.
Мөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд архивын баримтууд нь эрх зүйн үр дагавартай байдаг учраас архивын байгууллагын орон нутаг дахь салбаруудын үйл ажиллагаанд төвөөс нь анхаарал хандуулах, тэдгээрийн баримт бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтыг стандартад нийцүүлэх шаардлагатайг онцоллоо.
Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.