МЭӨ үеийн түүхийн дурсгал бугын дүрстэй хүрэл тээг
Булган аймгийн Музей “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг хязгаарласан учраас онцлог зарим үзмэрийг цахим хэлбэрээр олон нийтэд сурталчилж байна.
Тус музейн сан хөмрөгт байгаа бугын дүрстэй хүрэл тээгийг МЭӨ XII-III зууны он цагтай холбоотой эртний түүхийн ховор дурсгал хэмээн танилцуулав. Түүнийг 1987 онд ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн Хүннүгийн археологийн дурсгал судлах шинжилгээний ангийг ахалж явсан доктор Д.Цэвээндорж “Манай орны болон хөрш улсын нутгаас урд өмнө олдоогүй эрдэм шинжилгээний хувьд онц сонирхолтой дурсгал” хэмээн тодорхойлжээ.
Нимгэн хавтгай, 65 грамм жинтэй хүрэл тээг нь хэвтэж байгаа буга\согоо\-ны хэлбэртэй бөгөөд цутгуурын аргаар үйлдсэн байна. Бугын хоёр чих, нүд, толгой зэргийг ур сайтай хийсэн бөгөөд бугын цээж, бөгсөн хэсгийг эзлүүлж хоёр том дугуй төвгөрийн дээд талд хоёр жижиг дугариг төвгөр дүрсэлсэн нь хоёр бөхтэй буга байх ба түүнийг нарийн харахад хэвтэж байгаа тэмээний дүрс байна. Тээгийн нүүрэн талд бугын цээж ба бөгсөн хэсгийн хоёр төвгөр дээр нэг нэг бодон гахайн дүрсийг багтааж урласан байна. Энэхүү дурсгал нь хэд хэдэн амьтны дүрслэлийг маш чадварлаг хослуулан бүтээснээрээ түүхэн ач холбогдолтой цорын ганц дурсгал гэж эрдэмтэд тодорхойлжээ. Уг хүрэл тээгийг 1983 онд Булган сумын 2-р сургуулийн захирал Д.Цэрмаа аймгийн музейд ирүүлсэн байна.