Шүүгч нарын хэргийг прокурорт шилжүүлжээ
Авлигатай тэмцэх газраас нэр бүхий 17 шүүгчийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгаж эхэлснээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Тэднийг Салхитын мөнгөний ордтой холбогдуулан шалгахаар болсон тус эрхийг нь түдгэлзүүлсэн билээ.
Харин одоо зарим эх сурвалжийн мэдээллээр дээрх шүүгчийн найм нь уг хэрэгт холбоотой болох нь баримтаар нотлогсон бөгөөд уг хэрэгт холбогдон шалгагдаж байсан зургаан шүүгчийн хэргийн мөрдөн байцаалт дуусаж, хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн байна.
Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлжээ.
Мөн Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа шүүгч нарын мэдүүлэгт үндэслэн зарим нэг хүнийг нэмж шалгаж байгаа бөгөөд гавьяат хуульч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн зөвлөх Б.Сарантуяа болон түүний хүү Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарын нэр дунд нь байгаа юм.