Чингэлтэй чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг хоёр сая долларын буцалтгүй тусламжаар сайжруулна
Улаанбаатар хотын гэр хорооллын бүсийн Чингэлтэйн чиглэлийн тээврийн үйлчилгээний хүртээмж, аюулгүй байдал болон чанарыг сайжруулах зорилгоор 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-г төлөөлөн тус банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран нар гарын үсэг зурлаа.“Энэхүү төсөл нь нийтийн тээврийн үйлчилгээний аюулгүй байдал, чанар хүртээмжийг сайжруулж, авто замын аюулгүй байдлыг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах юм. Түүнчлэн уг төсөл нь Улаанбаатар хотын бусад байршилд хэрэгжүүлэх боломжтой жишиг төсөл болох онцлогтой” гэж ноён Павит Рамачандран хэлээд, “Төслийн үйл ажиллагаа нь бага орлоготой өрхүүд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй болон бусад эмзэг бүлгийн иргэдэд үр өгөөжөө өгч, нийгмийн оролцоог нь хангана” хэмээн онцлон тэмдэглэв.
Төслийн хүрээнд Чингэлтэйн чиглэлийн нийтийн тээврийн байгууламж, үйлчилгээний хүртээмж, засвар үйлчилгээг сайжруулах, зам дагуух явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах байгууламжуудыг сайжруулах, олон нийтийн дадал, зан төлвийн өөрчлөлтийг бий болгох, оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг тавьсан.
Нийтийн тээврийн тус чиглэлийг Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөтэй нийцүүлэн, Нийтийн тээврийн үйлчилгээний газар болон Нийслэлийн засаг даргын тамгын газартай зөвшилцөн сонгосон. Учир нь тус байршилд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихээр оршин суудаг, замын нугачаа их, хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал түгээмэл бөгөөд үүнд хүүхдүүд ихээр өртдөг төдийгүй нийтийн тээврийн ачаалал ч өндөр байдаг.
Тухайлбал, автобусны зогсоолуудад суудал, дээвэр байдаггүй, явган хүний зам дутмаг, автобусны буудал дээр хувийн автомашин, такси олноор зогсож хөдөлгөөнд саад учруулан түгжрэл үүсгэх гэх мэт хүндрэл бэрхшээл түгээмэл байдаг. Оршин суугчдын онцлон хэлснээр явган хүний замгүй, замын гэрэлтүүлэг хангалтгүйгээс явган зорчигчдын аюулгүй байдал бүрэн хангагддаггүй. Үүний улмаас тус байршилд 2018 онд нийт 80 удаагийн зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд үүнээс 12 осолд явган зорчигч өртжээ.
Энэхүү төслийг төлөвлөхөд хэрэглэгчийн идэвхтэй оролцоонд суурилсан хүн-төвтэй аргачлалыг ашигласан бөгөөд цаашид нарийвчилсан зураг төслийн боловсруулалт, хэрэгжилтийн шатанд ч хэрэглэгчдийн оролцоог үргэлжлүүлэн хангаж ажиллана.
Гэр хорооллын бүсийн хоёр хорооны нийт 12,104 эмэгтэй, 11,540 эрэгтэй оршин суугчид төслийн үр шимийг хүртэх бөгөөд тэдгээрийн 7,336 нь хүүхэд, 454 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.
Энэхүү төслийг Ядуурлыг бууруулах Японы сан санхүүжүүлж байгаа бөгөөд тус сангаас Монгол Улсад сүүлийн 20 жилийн хугацаанд ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн юм.
Эх сурвалж: Азийн Хөгжлийн Банк