Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан Зам тээврийн хөгжлийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох албаныхнаас бүрдсэн ажлын хэсэг Оюу толгойн ил уурхайн үйл ажиллагаа, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Оюу толгой ордын нийт нөөцийн 80 хувь нь гүний уурхайд агуулагддаг. Өнөөдрийн байдлаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байгаа талаар Шадар сөйдад мэдээлэл өгсөн. Далд уурхай ашиглалтад орсноор 2023 оноос эхлэн бүтээгдэхүүн олборлож эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.
Гүний уурхай руу нэвтрэх үндсэн амын бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн онд хийж дуусгасан. Ингэснээр гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийх ажилчид болон техник тоног төхөөрөмжийг газрын гүн рүү тээвэрлэх боломжтой болсон юм. Өнөөдрийн байдлаар далд уурхайн хөндлөн малталтыг хийж байгаа бөгөөд өдөрт 1800 метр малталт хийж байна. Түүнээс гадна Азид анх удаа далд уулхайн гүнд анхдагч чулуу бутлуурын хэсгийн бүтээн байгуулалтын мөн эхлүүлжээ. 1300 метрийн гүнд байгуулах чулуу бутлуурын ажил 80 гаруй хувьтай байна. 2021 онд ашиглалтад оруулснаар хоногт 95 мянган тонн чулуу бутлах хүчин чадалтай аж.
Гүний уурхайн бүтээн байгуулалтын өргөтгөл малталт төлөвлөснөөс 30 хувиар буурах магадлалтай байна. Учир нь коронавирусний хөл хорио дэглэмээс шалтгаалж гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гадаадын нарийн мэргэжилтнүүд ирж чадахгүй байгаа юм. Улсын онцгой комисс үүнд анхаарлаа хандуулна гэж Шадар сайд хэлсэн юм.
2020 оны эхний улиралд Оюутолгой ордоос нийт 35.2 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 23 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ оны эхний улиралд 26.2 мянган унц алт үйлдвэрлэжээ. Шалтгаан нь ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэсийн агууламж буурсантай холбоотой гэнэ. Алтны хувьд ч ялгаагүй өнгөрсөн оны нэгдүгээр улирлынхаас 78 хувиар буурсан тухай "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захриал Ц.Түмэнцогт хэлж байлаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.