Зулзган нарсыг 10 мянган төгрөгөөр зарахыг завджээ
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ойн сан бүхий нутаг дэвсгэрээс 400 ширхэг зулзаган нарс мод авч ирж бусдад худалдахыг завдсан хэрэг гарчээ. Уг хэргийг Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна.
Хэргийг Монгол Улсад бүртгэлтэй “С” хязгаарлагдмал хариуцлагатай компани үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Тус компани 400 ширхэг зулзаган нарс модыг Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр тогтоосон үнээс бага буюу нэг бүрийг нь 10.000 төгрөгийн төлбөр төлж авсан аж.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалаар батлагдсан “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр 1-2 метрийн өндөртэй нарс модыг 283,368 төгрөгөөр үнэлсэн байдаг. Дээрх тооны моддыг албан ёсны үнэлгээгээр тооцоход 113.347.200 төгрөгийн хохирол учирсан байна.
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дахь хэсэгт ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 340.041.600 төгрөгийн нөхөн төлбөр одоогоор тавигдах юм байна.
Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хэргийн газрын үзлэг хийж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа ажээ.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба