Оксфордын их сургуулийн боловсруулсан вакцин дархлаа үүсгэж байгаа нь батлагджээ
Оксфордын их сургуулийн AstraZeneca компанитай хамтран бүтээж буй ChAdOx1 nCoV-19 вакцин дархлааны хариу урвал өдөөж, сайн үр дүн үзүүлж байгаа талаар ВВС агентлаг мэдээллээ.
Шимпанзег өвчлүүлдэг энгийн ханиад үүсгэгч вирус нь уг вакциныг бүтээх гол үндэс нь болж байгаа бөгөөд хүний бие махбод энэхүү вирусийг 19-nCoV вирус шиг хүлээж авах хэмжээнд генийн өөрчлөлтөд оруулжээ.
Туршилтад оролцсон 1,077 хүний биед коронавирустэй тэмцэх эсрэг биетүүд болон T-cell гэгддэг цусны цагаан эсүүд үүссэн байна. Эрдэмтэд энэ үр дүнг маш том ахиц дэвшил гэж үзэж байгаа юм.
Дархлааны тогтолцооны талаас харахад уг вакцин нь Covid-19 вирустэй төстэй байгаа тул вакцин хийлгэсэн хүний биед эсрэгбиет боловсруулагдаж эхэлдэг нь батлагджээ.
Их Британийн засгийн газар одоогоор 100 сая тун вакцин захиалаад байна. Хэрвээ вакциныг амжилттай гаргаж авч чадвал Оросын "Р-фарм" компани үйлдвэрлэх эрхийг авч ОХУ болон бусад орнуудад нийлүүлэх боломжтой болох юм байна.
Тархалт өндөр байгаа АНУ-д 30,000, Бразилд 5,000, Өмнөд Африк 2,000 хүнийг хамруулахаар болсон байна.
Энэхүү өргөн хүрээний туршилтын үр дүн 2020 оны сүүлээр багтаж гарна. Гэхдээ бүх нийтийг хамруулсан вакцинжуулалт хамгийн эртдээ ирэх оноос наашгүй гэж үзжээ.
Үүнээс өмнө цар тахалтай тэргүүн эгнээнд тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудыг хамруулах төлөвтэй байгаа ажээ.
Оксфордын их сургуулиас гадна АНУ, Хятадад бүтээгдэж байгаа вакцинууд мөн үр дүнтэй нь харагдаж эхэлсэн байна.