Ковид-19 вирус улирлын томуутай хавсарвал эрсдэл нь бүр их
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долоодугаар сарын 20-нд нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Шинжилгээг задалж хэлбэл, 7 сарын 20-нд Токио Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 254 хүний сорьцод давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 29 хүний давтан шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт ажилласан 39 эмч ажилчдын шинжилгээ, тандалтын зорилгоор 3 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Монгол Улсад онош батлагдсан 287 тохиолдол байгаагаас 213 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 74 хүн эмчилгээ, тандалт судалгаан дор байна. Дэлхийд 14 сая 684 мянган хүн халдвар авчээ. Үүнээс 600 мянга гаран хүн коронавирусийн улмаас хорвоог орхижээ.
Өдийг хүртэл төрийн байгууллагын ажилчид өндөр зохион байгуулалтад орж ажиллаж байна. Энэхүү зохион байгуулалтыг эвдэх гэсэн оролдлого нь буруу юм. Бид ийм хэмжээнд ажиллаж байгаагаараа бахархаж байна. Улирлын томуугийн вирустэй коронавирус хавсрах юм бол ямар их эрсдэл ирэхийг та бүхэн төсөөлж байх ёстой. Хүн бүр бусдад уриалж, үлгэрлэх ёстой. Улс орнуудын зан чанар коронавируст шалгуулж байна. Энэ цаг үед нэг удирдлага дор нэг хүн шиг ажиллаж чадлаа. Энэ бол хамгийн чухал гэдгийг дахин хэлье” гэв.