Францын иргэн 47 хоног эмчлэгдэж, бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа
ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “4 сарын 26-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ын 2, Дархан-Уул аймгийн 1, нийт 3 лабораторид хийсэн 161 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Үүнд, ХӨСҮТ-д ажиллаж байгаа 19 эмч, эмнэлгийн ажилтнуудаас шинжилгээ авахад коронавирус илрээгүй.
Ажиглах байранд тусгаарлагдсан 131 давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнд Москвагаас ирж Амар зочид буудалд тусгаарлагдсан 48 оюутан шинжилгээ хийхэд коронавиус илрээгүй.
Сайхан мэдээ дуулгахад Францын иргэн иргэний бүх шинжилгээ эрүүл гарч өнөөдөр Энхсаран сувилал руу буюу дараагийн шатны хяналт руу шилжих гэж байна. Францын иргэн 47 хоног эмчлэгдэж бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа. Тэрээр одоо 14 хоног сувилалд ажиглалтад байна.
Анх хүнд ирээд ХӨСҮТ-д эмчилгээнд орсноос хойш дэлхий биднийг харж байсан.Монгол Улс, монгол эмч нарын нэр төр, ёс суртахуун харагдах учир бид хичээж ажилласан. Дэлхийн аль ч улс оронд монгол хүн халдвар авч болно. Эрсдэл өндөр байгаа энэ үед гадаадын иргэнийг эмчилж, жишиг болгосны хариуд улс орнууд манай иргэдэд хариуг нь барих байх гэж бодож байна" гэв.