ХӨСҮТ: Замын-Үүдээр орж ирсэн 58 хүнээс нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, шинжилж байна
ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораториор 373 шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 194 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 164 хүнд, тандалтын зорилгоор 15 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.Сэлбэ, Ивээлэн, Батсүмбэр, Баянхангай, Баян байгаль сувилалд байсан 164 хүний ажиглалтын хугацаа дуусаж хоёр удаагийн шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан тул гэрийн ажиглалтад шилжүүллээ.
Нэгдүгээр сарын 27-ноос хойш өнөөдрийг хүртэл 1124 хүнд шинжилгээг тандалтын зорилгоор хийсэн.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 243 хүнд эмчилгээ хийлгэж байна. Замын-Үүдээр 58 хүн орж ирснээс нэг хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн шинжилгээ авч, тусгаарлаад байна. Бусдыг нь ажиглалтад авсан” гэв.