Нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэлийг хугацаанд нь дуусгахыг үүрэгдлээ

 Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Багануур” ХК болон "Шивээ-Овоо” ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь очиж танилцлаа. Засгийн газрын тухай хуулийн 20.5-д заасныг үндэслэн Эрчим хүчний сайдын эрхлэх ажлын хүрээнд түлшний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт, эрчим хүчний нүүрсний асуудлыг хамаарахаар болсон билээ.
Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг Багануурын уурхай 40 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Эрчим хүчний яамны захиалгаар Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ээ Дэлхийн банкны Уул уурхай, дэд бүтцийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар хийлгэснээр ордын нөөцөө шинэчилж 60 жилийн хугацаатай жилд 8-10 сая тонн нүүрс гаргахаар тооцоолжээ.
Сүүлийн жилүүдэд компанийн хөрөнгөөр техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл үе шаттайгаар хийгдэж байгаа ч нийт хөрсний хоцрогдол 8,200.0 мянган шоометр болжээ.
Японы Олон улсын харилцан туслалцах нийгэмлэгийн 12.3 сая ам.долларын техник, тоног төхөөрөмжийн зээлээр шинэчлэл хийгдэж байна. Ус шүүрүүлэх станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Уулын 110кВт-ын дэд станцыг нүүлгэн шилжүүлж, 5.5 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн ба гүйцэтгэл 70 хувьтай байна.
Багануурын уурхай 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 3 бүлэг, 50 зүйл бүхий 35.3 тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөснөөс гүйцэтгэл 36 хувьтай байна гэж тус уурхайн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун танилцууллаа. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өвөлжилтийн бэлтгэл ажлыг хугацаанд нь багтаан дуусгах, өртөг бууруулах, хэмнэлтийн горимд ажиллах, асуудлаа бие дааж шийдвэрлэх, бүтэц орон тоог тодорхой болгох, шилэн байх, складны үлдэгдлийг бууруулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд дорвитой анхаарахыг үүрэг болголоо.
Дотоодын нүүрсний хэрэгцээний 28.5 хувийг хангадаг Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын Шинэ-Усны хэсгийн 4,290 га талбайд 30 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
Бизнес төлөвлөгөөнд 20 автомашинтай ажиллахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 10-14 ширхэг технологийн автомашин ажиллаж хөрс тээвэрлэх, нүүрс олборлон борлуулах ажлыг гүйцэтгэж байна. Машины хүрэлцээ муу байгаагаас үндсэн хөрсний доголуудыг ахиулах, нүүрс нээх ажлыг гүйцэтгэхэд хүндрэл үүсчээ. Мөн техник, тоног төхөөрөмжийн элэгдэл, дутагдлаас шалтгаалан уурхайн нийт хөрсний хоцрогдол 3,500.0 мянган шоо метр болсон байна.
Компанийн хөрөнгөөр 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, техникийн шинэчлэл хийсэн. Нүүрсний өртөг үнийн зөрүүнээс алдагдал хүлээж байгаа тул өртгийн зөрүүг шийдвэрүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 60 хувьтай байгаа бөгөөд төлөвлөсөн хугацаандаа дуусна гэж уурхайн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин хэллээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өвлийн их ачааллыг давах бэлтгэл ажлыг хугацаанд нь багтаан дуусгах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, өр авлагын асуудалд анхаарах, "Ковид-19” цар тахлын үед нүүрсний уурхайнууд хорио цээрийн дэглэмийг тууштай баримталж ажиллахыг үүрэг болголоо.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ