АНУ-аас монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл С. Клеческиг хүлээн авч уулзав
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческийг 7 дугаар сарын 31-ний өдөр БХЯ-нд хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 онд АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр баталгаажуулсан хоёр талын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг мэдэгдсэн "Хамтарсан тунхаглал”-ын ойн өдөр тохиосноороо онцлогтой боллоо.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр уулзалтын үеэр АНУ-тай харилцах харилцаа бол манай улсын хэрэгжүүлж буй гуравдагч хөршийн бодлогод суурилсан чухал харилцааны нэг бөгөөд олон салбарт амжилттай хөгжиж байгаагийн дотор Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Батлан хамгаалах салбарын дээд, дунд түвшний харилцан айлчлал, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэх, цэргийн мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, хамтарсан сургалт, дадлагаар харилцан туршлага солилцох зэрэг олон хэлбэрээр амжилттай хамтран ажиллаж, үр дүнд хүрч байгаад Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески нар санал нэгдэж, сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийллээ.
Уулзалтын үеэр хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэх талаар талууд санал солилцлоо.Түүнчлэн дэлхий нийтийг цочроосон коронавируст цар тахлын нөхцөл байдлыг даван гарахад улс орнуудын хамтын ажиллагаа, харилцан тусламж, дэмжлэг чухал болохыг онцлоод Монгол Улсын болон АНУ-ын Засгийн газрууд цар тахалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд зориулж харилцан бие биедээ тусламж илгээсэнд талархаж байгаагаа уулзалтад оролцогчид илэрхийлсэн юм.