Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг цахимаар бүртгэнэ

Улсын онцгой комиссын 2020 оны 07 сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэр, Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу сургалтын байгууллагуудын хичээлийг 2020 оны 09 сарын 01-нээс эхлүүлэхээр болсон. Хичээлийн сургалтын үйл ажиллагааг эхлүүлж байгаатай холбогдуулан
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилд  нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг эцэг, эх, асран хамгаалагчид /Parent.esis.edu.mn/ системд өөрийн мэйл хаягаараа нэвтэрч, хамран сургах тойргийнхоо сургуульдаа элсэх хүсэлт илгээж бүртгүүлнэ. Уг цахим бүртгэл наймдугаар сарын 3-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм. Харин бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа хаягаасаа шилжсэн хүүхдийг наймдугаар сарын 24-ны өдрөөс 28-ны өдрүүдэд ажлын цагаар элсэх боломжтой сургуульд нь уламжлалт аргаар бүртгэнэ.
Өнгөрсөн хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 15 сургуульд нэгдүгээр ангийн элсэлтийг анх удаа цахимаар зохион байгуулсан бөгөөд энэ хичээлийн жилээс нийслэлийн төрийн өмчийн сургуулиуд нэгдүгээр ангийн элсэлтээ цахимаар зохион байгуулахаар бэлтгэл ажил хангаад байна. Нийслэлийн Боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/36 тушаалаар 2020-2021 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийг баталсан. Энэ тушаалын дагуу тухайн элсэгч зөвхөн өөрийн харьяаллын сургуульдаа бүртгүүлэх боломжтой юм.
Цэцэрлэгийн тухайд 2 настай хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэх арга хэмжээ авах, 5 настай хүүхдийг сургуульд бэлтгэх зорилгоор бүрэн хамруулах төлөвлөлт хийгдээд байна. Үүнтэй холбогдуулан 2020-2021 оны хичээлийн жилийн нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл элсэлтийн үйл ажиллагааг цахимаар бус уламжлалт аргаар зохион байгуулахаар болсон.
Бүртгэл элсэлтийн үйл ажиллагаа:
  1. Шинээр элсэх 5 болон бусад насны хүүхдүүдийн бүртгэл, элсэлт 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 21-ний өдрүүдэд.
  2. Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагаа 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд тус тус харьяа цэцэрлэг дээр ажлын цагаар зохион байгуулагдана.
Хамран сургах тойргийн мэдээллийг www.edub.edu.mn сайтаас харах боломжтой.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ