Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, хяналт тавих ажлын хэсгийн хуралдаан боллоо
Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, хяналт тавих” тухай А/1036 дугаар захирамжийг Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлэх Ажлын хэсгийн хуралдаан боллоо.
Ажлын хэсэгт Нийслэлийн харьяа Статистикийн газар, Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Зураг төслийн хүрээлэн, Хөрөнгө оруулалтын газар, Шинжлэх ухаан үйлдвэрлэл, инновацийн газар, Аялал жуулчлалын газар, Төр,захиргааны авто бааз, дүүргийн 16 хэлтэс албадын удирдлагууд, 7 – 19 дүгээр хорооны Засаг дарга нар, төрийн ажилтан албан хаагчид оролцлоо. Ажлын хэсэг гэр хорооллын 7-19 дүгээр хорооны 31785 айл өрхийн зуух, ханан пийшингийн бүрэн бүтэн байдалд хяналт, шалгалт хийж, ахуйн хэрэглээний зуухны MNS5216:2016 стандартыг хангуулах, зөв галлагааны зөвлөмж өгөх, зуухны битүүмжлэлийг шалгах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, угаарын хийн мэдрэгчийг ашиглах заавар өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, “Таван толгой түлш” ХХК – ны “Зуухны сервис төв” – тэй хамтарч аливаа зөрчлийг арилгаж ажиллана.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хандаж хяналт шалгалтын ажлыг нэгдсэн удирдлагын дор зохион байгуулах, айл өрх бүрээр орж зуух, ханан пийшингийн бүрэн бүтэн байдлыг шалгаж холбогдох байгууллагуудтай хамтарч зөрчлийг арилгаж, хийсэн ажлын тайлан мэдээг тухай бүрт хариуцлагатай гаргаж ажлыг хугацаанд нь гүйцэтгэхийг үүрэг болголоо.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Чингэлтэй дүүргийн Ажлын хэсгийг удирдлагаар хангаж ажиллах Цэргийн штабын дарга Хурандаа Ж.Болдбаатар өнөөдрийн хуралдаанд оролцож, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хандаж ажил үүргийн хуваарилалт, хүний нөөц боломжийг харгалзан ажлаа зөв зохион байгуулж ажиллахыг онцлон чиглэл өглөө.