монгол улсын шадар сайд Я.Содбаатар стандарт, хэмжил зүйн газарт ажиллаа

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар 2020 оны 9 дүгээр сарын 7-нд Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагаатай танилцаж алт хайлуулах, үнэт металл болон эрдэнийн чулуунд сорьц тавих үйл явцыг сонирхсон юм. Үнэт металлын сорьцын хяналтын газар нь жилд дунджаар 15-16 тонн алт хайлах, 140000-150000 удаа сорьц тавьдаг бөгөөд мөнгөн эдлэлийн 925, алтны 585 сорьц хамгийн өргөн хэрэглэгддэг байна.
Энэ үеэр Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулсан юм. Стандарт, хэмжил зүйн газар нь 2020 оныг “Өөрчлөлт-шинэчлэлтийн жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд хийсэн томоохон ажлуудаас дурдъя:
  • Шинэчлэн батлагдсан Хэмжил зүйн тухай хуулийн хүрээнд дагалдан гарах дүрэм, журмуудыг батлуулсан.
  • Ард иргэдийн санал гомдлыг авах, зөвлөгөө мэдээлэл өгөх  1800-2525 тусгай дугаарыг ажиллуулж эхэлсэн
  • www.estandard.gov.mn сайтыг бүрэн шинэчилсэн бөгөөд удахгүй иргэд цахимаар стандарт худалдаж авах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
  • Сорьцын хяналтын улсын үзлэгийг явуулсан ба энэ хүрээнд аж ахуй нэгжүүдэд худалдаалагдаж буй мөнгөн аяганы сорьц стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд шалгалт явуулсан. Нэлээдгүй зөрчил илэрсэн бөгөөд ШӨХТГ болон Эрүүгийн цагдаагийн газартай хамтран ажиллаж байна.
  • Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд стандартын улсын үзлэгийг явуулсан бөгөөд энэ хүрээнд 18 техникийн зохицуулалт шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Мөн ноолуур хөтөлбөрийн хүрээнд шинээр техникийн зохицуулалт боловсруулан Дэлхийн худалдааны байгууллагад хүргүүлсэн.
  • Тохирлын үнэлгээний чиглэлээр 2018 онд засгийн газрын 291-р тогтоол батлагдсан. Уг тогтоолоор нийт 299 бүтээгдэхүүнийг заавал баталгаажуулалтад хамруулах ёстой гэсэн зохицуулалт бий болгосон. Үүний хэрэгжилт одоогоор 50,2 хувьтай явж байна. Бид хэрэгжилтэд илүү анхаарч ажиллана.
Түүнчлэн Стандарт, хэмжил зүйн газар Ковид-19 цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж олон улсын 16 стандартыг үндэсний стандарт болгож 4 үндэсний стандартыг шинээр боловсруулсан. Үүнд дахин ашиглаж болох даавуун маскны стандарт, экспортод гарч байгаа эмнэлгийн хамгаалах хувцасны стандартыг шинээр боловсруулсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 6540 стандарт байгаагаас 2434 буюу 38 хувь нь олон улсын түвшин буюу ISO, ASTM зэрэг олон улсын стандартыг нутагшуулсан стандартууд байна.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Стандарт, хэмжил зүйн газрыг хэд хэдэн асуудал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Шадар сайд хэлэхдээ: Чанарын дэд бүтцийн 5 гол тулгуурын нэг хэмжил зүйн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, эталон тоног төхөөрөмжийг шинээр авах ажлыг ч Засгийн газар орхигдуулаагүй явж ирсэн. Ирэх жилүүдэд Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хийн тоолуур шалгах эталон лабораторийг шинээр бий болгох ажлыг шат дараатай төлөвлөн гүйцэтгэхийн тулд шаардлагатай санхүүжилтийг үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгаж ажиллаж байна. Асуудлыг эрхэлж байгаа Шадар сайдын хувьд Эталон тоног төхөөрөмжийг шинэчлэх, төсөл хөтөлбөр боловсруулах чиглэлээр гаргах санал санаачилгыг дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ