Өнөөдөр дэлхийн итгэмжлэлийн өдөр


Стандарт, хэмжил зүйн газар нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндийг хамгаалахад тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудаас гаргасан үр дүнг Засгийн газар, олон нийтийн болон зохицуулагч байгууллага, хэрэглэгчид шууд хүлээн зөвшөөрч, асуудал шийдвэрлэдэг тогтолцоо Монгол Улсад бий болж, бэхэжсэнийг дараах тоо баримтаас харж болохоор байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад итгэмжлэгдсэн сорилтын лаборатори 180 гаруй, хэмжил зүйн шалгалт тохируулгын лаборатори 15, бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын байгууллага 24, ур чадварын сорилтыг хэрэгжүүлэгч лаборатори 3, техникийн хяналтын 22 байгууллага тус тус үйл ажиллагаа явуулж, сорилт хэмжил, хяналт, аудитын үр дүнг гаргаж байна. Эдгээр тохирлын үнэлгээний байгууллагуудын 50 гаруй хувь нь хүнсний хангамж, нийлүүлэлтийн сүлжээн дэх бэлтгэн нийлүүлэлт, үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын үйл ажиллагаанд сорилт, хяналт, баталгаажуулалт хийж байна.
Монгол Улсын итгэмжлэлийн үйл ажиллагаа нь олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа байдалд Ази номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APAC)-аас 2020 оны 5-р сард хөндлөнгийн үнэлгээ хийсэн бөгөөд Монгол Улсын Итгэмжлэлийн тогтолцоо нь олон улсын шинэчлэгдсэн “Тохирлын үнэлгээ. Тохирлын үнэлгээний байгууллагыг итгэмжлэх итгэмжлэлийн байгууллагад тавих ерөнхий шаардлага. ISO/IEC 17011:2017” стандартын шаардлагыг үргэлжлүүлэн хангаж байгааг баталж, AРАСын Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээр (MRA)-т нэгдсэн гэрчилгээний хугацааг сунгаж олгосныг дурдахад таатай байна.
Цаашид стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн төрийн бодлого, зохицуулалтыг бизнесийн өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хэрэгцээг хангах, хувийн хэвшлийнхэнд дэмжлэг үзүүлэхэд илүү үр ашигтайгаар хэрэглэх, түүнчлэн олон улсын зах зээлд нэвтрэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг бууруулах, шинэ технологи, үйлчилгээ нэвтрүүлэхэд улам их анхаарч ажиллах болно.