Найрамдал төвийн кадастрын зургийг устгасан зөрчил илэрлээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан орчим газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар олголт, эзэмшил, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тусгай хамгаалалттай газарт байшин барилга барьсан, газрын кадастрын мэдээллийн санд “Олон Улсын хүүхдийн Найрамдал төв” УТҮГ-ийн нэр дээр бүртгэсэн кадастрын зургийг устгасан, тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын хамгаалалтын горимыг тус тус зөрчсөн зөрчил илэрчээ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Найрамдал” зуслангийн орчны газарт 120 нэгж талбар буюу 22 га талбай бүхий газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлсэнээс 21 нэгж талбар нь төрийн байгууллага, 62 нэгж талбар нь барилга байшин баригдсан, 37 нэгж талбар нь газар дээрээ хоосон гэсэн судалгааг ирүүлсэн. Үүнээс 62 нэгж талбар буюу барилга байшин баригдсан иргэн, аж ахуйн нэгжийн газар олголтыг шалгахад 2006-2017 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 47, дүүргийн Засаг даргын захирамжаар 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар олгосон байна.
“Найрамдал” зуслангийн орчны газрыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 1999 оны 39 дүгээр тогтоолоор нийслэлийн тусгай хамгаалалтад авч, 2006 оны 152 дугаар “Байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор хилийн заагт өөрчлөлт оруулсан аж.