Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг нээлээ
Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт боллоо. Богд хааны 4,3 метр өндөр хөшөө бүхий энэ хүрээлэнд Хааны лүндэн, Мөнх тэнгэрийн хүчин дор, Мөнх тэнгэрийн дурсгалт есөн хөшөөг залж, явган хүний зам, талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, усалгааны болон ус зайлуулах системийг цогцоор нь хийсэн байна.
Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрээр Монгол гэж тодотгож болох соёлыг судлаж шинжлэн, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн, дэлхийн олон талт соёлыг хүндэтгэсэн тийм ирээдүйг цогцлоох үүрэг нь төрийн төдийгүй монгол хүн бүрийн үүрэг байх учиртай гэдгийг тэмдэглэв. “Засгийн газар “Чингис хаан” музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театрын шинэ барилгыг ирэх жилүүдэд эхнээс нь ашиглалтад оруулна. Богд хааны ордон музейн өнгө төрхийг ч засч сайжруулна, соёлын олон талт үйл ажиллагааг онцгойлон дэмжиж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлаа эрчимжүүлнэ” гэв.
Богд хааны хөшөө: Төр ёсны хувцастай, эрдэнийн алтан очиртой, дөрвөн талт титмийг тэргүүндээ залж, баруун, зүүн мөрөн дээрээ наран, саран гэсэн бичээс бүхий чимэгтэй, морин хүрмэндээ алтан соёмбо, хүрд асааж, баруун гартаа гурван тал бүхий албан соёмбо өргөж, сүн далай, сүмбэр уулс, гүн цэнхэр огторгуй ертөнцийг бэлгэдсэн дээл өмсөн, алс холыг харан, үл ялиг урагш тэмүүлэн алхаж байгаагаар бүтээжээ. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөө, монгол үндэстэн үүрд мандан бадрахыг бэлгэдсэн байна.
Мөнх тэнгэрийн хүчин дор хөшөө: Монгол үндэстний оюун сэтгэлгээний түүхэн тэмдэглэл болох тамганы дүрсийг суурь болгон Хүннү төрт улсаас Их Монгол Улсын хаадын төр барьж байхдаа хэрэглэж байсан алт, мөнгө, хүрэл зоосон дээр Чингис хааны “Наран” тамга буюу ширээтэй онги, Өгөдэй хааны “Дэгрээ” тамга, Гүюг хааны “Хос онгин” тамга, Мөнх хааны “Сэрээ” тамга, буган болон хүн чулуун хөшөө, хадны зургийн дурсгалаар баяжуулан бүтээжээ.
Өнгөрсөн онд "Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхий сайдын захирамж гарсан бөгөөд Богд хааны түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолбортой болох нь ойн хүрээнд хийх олон ажлын нэг байсан юм. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Ганхуяг, "Сэнзо констракшн" компани, хотын захиргаа, Богд хааны ордон музей хамтран байгуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.