Дуулиант хэргүүдээс зарим нь шүүх рүү эргэлээ
Төрийн өндөр дээд албан тушаалтнууд холбогдсон авлигын хэрэг хэрхэн шийдэгдэхийг олон нийт анхааралтай гэгч нь ажиглаж байгаа.Авлигатай тэмцэх газраас олны анхаарал татсан, удаан хугацаанд шалгагдсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн хэргүүдийг тоймлон хүргэж байна.
С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ, С.БАЯРЦОГТ НАРЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.
Тэгвэл тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусчээ. Энэ талаар АТГ-аас Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Хэргийн цар хүрээ өргөн учраас холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулж байна. Дуусахаар нь шүүхэд шилжүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.
ЕРӨНХИЙ САЙД АСАН М.ЭНХСАЙХАНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ
АТГ-аас Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ.Түүнийг Таван толгойн орд газрыг ашиглахтай холбоотой төслийн Засгийн газрын ажлын хэсгийг ахалж байх явцдаа албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргээр шалгаж байгаа юм.
Дашрамд, өнгөрөгч зургаадугаар сард Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 1.3-т заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэрч шууд заасан гэх үндэслэлээр түүнийг прокурорын хяналтан дор АТГ-аас баривчлан саатуулж байсан билээ.
ЗУРГААН ШҮҮГЧИЙГ ЯЛЛАХ САНАЛ ГАРГАЖЭЭ
Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн, шалгаж эхэлсэн билээ. Тэдгээр шүүгчийн зургаа нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний ордын хэрэгт холбоотой болох нь баримтаар тогтоогдсон гэдгийг өмнө нь бид мэдээлж байсан. Хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, хавтаст хэргийг прокурорт шилжүүлээд байна.
Сануулахад, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн юм.
Түүнчлэн Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа дээрх шүүгч нарын мэдүүлэгт үндэслэн Шүүхийн ерөнхий Зөвлөлийн зөвлөх,гавьяат хуульчБ.Сарантуяа болон түүний хүү нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарыг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Гэхдээ зарим эх сурвалж одоогоор хуульч Б.Сарантуяа болон түүний хүү нарыг Салхитын мөнгөний ордын хэрэгт холбоотой гэх баримт байхгүй, нотлогдоогүй хэмээж байгаа билээ.
АТГ-т шалгагдаж буй шүүгчдийн хоёр нь хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдож, шүүгчийн эрхийг нь эргэн сэргээхээр болсон тухай мэдээлэл бий. Харин үлдсэн шүүгч нарын тухайд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлаар шалгагдаж байгааг албаныхан мэдээллээ.
Ч.АЛТАНХУЯГИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ ДУУСЧЭЭ
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуягийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байсан. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан цагдан хорьж саатуулж байсан. Түүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулаад, хүүгийн орлогыг нь хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэрэгт шалгасан. Одоогоор шалгалтын ажиллагаа дуусч АТГ-аас прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
2017 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын хуралдаанаар ЭМДЕГ-ыг байгуулж, тус газрын даргаар өмнө нь НДЕГ-т удирдах албан тушаал хашиж байсан, УИХ-ын дарга С.Төмөр-Очирын туслах асан Ч.Алтанхуягийг томилж байсан юм.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ БАЙСАН Н.МӨНХБАТ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГҮҮДИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ
Монгол Улсын Хөгжлийн банкийг удирдаж байсан Н.Мөнхбатад тус банкны хөрөнгийг хууль зөрчин зарцуулж, шамшигдуулсан байж болзошгүй хэмээн 2016 оны аравдугаар сарын 15-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээс хойш гурван жилийн хугацаа өнгөрлөө.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тэргүүтэн 2015 оны зургадугаар сард Худалдаа хөгжлийн банктай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж 27.5 тэрбум төгрөгөөр оффис авахаар болсон байдаг. Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгох зорилгоор албан тушаалаа урвуулж, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Худалдаа хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр худалдаж авсан. Улмаар ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатараар оффис худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон хууль бус тогтоол батлуулж, 2015 оны долдугаар сарын 6-нд гэрээ байгуулан, зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөг зарцуулж, Хөгжлийн банкинд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн шалгаж байсан юм. Харин АТГ-аас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлэв.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДААР АЖИЛЛАЖ БАЙСАН Д.ГАНБАТАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХ РҮҮ ШИЛЖҮҮЛЖЭЭ
Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбатыг өнгөрсөн сарын 2-нд Авлигатай тэмцэх газраас Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржхандын хэрэгт холбоотойгоор саатуулж байсан билээ.
АТГ-аас Зам тээвэр, хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байсан юм. Тэгвэл АТГ-аасЗам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд нарт холбогдох хэргүүдийг шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүлжээ.
эх сурвалж:medee.mn