Замын цэвэрлэгээ, арчлалт, засварын ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн албан шаардлагын дагуу Чайна Хуаши Энтерпрайзиз ХХК-ийн инженер техникийн ажилтнууд Хашаатын даваа-Толбо нуур чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн хучилтын эвдрэл үүссэн хэсгүүдэд ирэх жилийн замын барилгын ажлын улирал эхлэх хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор элс, эрдсийн нунтаг, усыг зохих харьцааны дагуу хольж суулт үүссэн хэсгийг дүүргэн нягтруулалт хийж засварлан, авто замын холбогдох тэмдгийг байрлуулсныг газар дээр нь шалгалаа.Мөн Бураатын давааны замын өвлийн засвар арчлалтын ажлыг хариуцагч Жол ХХК-ийн замын шуурхай ажлын хэсгийн замчдад замын цасны цэвэрлэгээ, арчлалт, засварын ажлыг тогтмол гүйцэтгэж шуурхай арга хэмжээ авч байхыг үүрэг болгов.