Шийдвэрт тусгагдсан хэм хэмжээг сахин биелүүлэх үүрэгтэй

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан.
 Дээр дурдсан хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын үед иргэд тогтоосон шийдвэрт тусгагдсан хэм хэмжээг сахин биелүүлж, зөрчихгүй байх үүрэгтэй бөгөөд хэрэв зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээнэ. Үүнд:
 Зөрчлийн тухай хуулийн  5.13.1-д “Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол иргэнийг 150.000төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.500.000 төгрөгөөр торгоно” гэж заасан.
 Зөрчлийн тухай хуулийн  5.13.2-т “Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол иргэнийг 100.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.000.000 төгрөгөөр торгоно” гэж заасан.
Зөрчлийн тухай хуулийн  5.13.3-д “Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг 500.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 5.000.000 төгрөгөөр торгоно” гэж заасан.
Зөрчлийн тухай хуулийн 15.2.1-д “Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан; хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн; хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол иргэнийг 50.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 500.000 төгрөгөөр торгоно” гэж заасан.
Зөрчлийн тухай хуулийн 15.2.2-т “Төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан; төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан; төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол иргэнийг 250.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 2.500.000 төгрөгөөр торгоно”гэж заасан.
Эрүүгийн тухай хуулийн 13.14.1-д  “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450.000-1.300.000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
Эрүүгийн тухай хуулийн 15.6. 1-д  “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусыг бусдад зориуд халдаасан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ