Б.Буджаргал 61 цагийн дараах байдлаар 400 км зам туулжээ
АНУ-ын Флорида мужид болж байгаа “Fort Lauderdale Florida USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Тэмцээнд өрсөлдөж байгаа хэт холын зайн гүйлтийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргал гурван өдөр буюу 61 цагийн дараах байдлаар 400 орчим км замыг туулан, дараагийн тамирчнаасаа 105 км-ээр түрүүлж явна.
Зургаан өдөр, зургаан шөнийн гүйлтийн тэмцээнд өрсөлдөж байгаа Монгол Улсын тамирчин Б.Буджаргал тэмцээнийг тэргүүлсэн хэвээр байгаа.
Манай тамирчин тэмцээний үеэр дэлхийн рекорд амжилт тогтоохыг гол зорилгоо болгож байгаа.
Зургаан өдөр, зургаан шөнийн гүйлтийн дэлхийн рекордыг эзэмшиж буй Австралийн домогт тамирчин Янис Курос бол Грек гаралтай хүн. Зургаан өдрийн гүйлтийн тэмцээн анх 1888 онд зохиогдсон тухай эх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байх бөгөөд Янис Курос түүнээс хойш бараг 100 жилийн дараа буюу 1984 онд энэ төрлийн рекордыг эзэмшиж, 1985 онд өөрийнхөө рекордыг дахин эвдэж байсан түүхтэй. Янис Курос 2005 онд 49 насандаа зургаан өдөр, шөнийн хүнд хэцүү гүйлтийн төрөлд 1036 км гүйж, дэлхийд үнэмлэхүй амжилт тогтоож байжээ. Тэр үеэс түүнийг Гүйлтийн бурхан (Running God) хэмээн авгайлах болсон юм байна. Олон улсад асар өндөр нэр хүндтэй энэ тамирчныг Грекийн спортын салбарын байгууллагууд үл ойшоон, эх орон нэгтнүүд нь хавчин гадуурхаж, амжилтыг нь үгүйсгэж байсан тул 1993 онд арга буюу Автралийн иргэн болсон ээдрээтэй түүх ч байдаг. Грекэд “гологдсон” түүнийг австраличууд халуун дотноор хүлээн авч, амжилтыг нь албан ёсоор хүндэтгэн дархалсан юм.
Дашрамд дурьдахад, Б.Буджаргалыг АНУ дахь монголчуудын төлөөлөл дэмжин тусалж, тэмцээний арын албаны бүх хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байна.Тэдэндээ Zindaa.mn сайт хамтран тэмцээний явцыг тодорхой цагуудад шууд дамжуулан хүргэж байгаа.
Эхний хоёр өдрийн хувьд цаг агаар таатай бус байсан талаар Б.Буджаргалын тэмцээний арын албанд тусалж байгаа монголчууд ярилаа.
Эхний өдөр маш их халуун нартай байсан бол хоёр дахь өдөр агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ эрс буурчээ. Флорида мужид бороо орохын өмнө болон дараа агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ огцом багасдаг онцлогтой юм байна.
Манай тамирчны биеийн байдал өчигдөр бага зэрэг хямарсан боловч өнөөдөр сэргэлэн цовоо байна. Хөл нь цэврүүтэж, хумснууд нь идээлж, түүнийгээ цэвэрлүүлж боолгоод, тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Гурван өдрийн дараах байдлаар арын тамирчнаасаа 100 гаруй км-ээр түрүүлэн, тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байгаа Б.Буджаргал энэ тэмцээнд Дэлхийн рекорд амжилтыг тогтоох чин хүсэлт, том зорилготой байгааг дээр дурьдсан.
Энэ зорилгыг биелүүлэх үүд хаалгыг Ц.Шаравжамц даргатай БТСУХ-ны хамт олноос эхлээд олон байгууллага, хувь хүн, сайхан сэтгэлт монголчууд нээж өгснийг дурьдах нь зөв.
БТСУХ-ны дарга Ц.Шаравжамж АНУ-д болж байгаа тэмцээнд очих зардал мөнгийг шийдэж өгснөөр Тайландад олон сар гацсан Б.Буджаргал эхлээд хилийн дээс алхах боломжтой болсон. Түүнчлэн “Эрхэт Монгол” медиа групп, МҮОНРТ, түүний төрсөн нутаг Өмнөговь аймгийн ард түмэн, “Хөх Монгол” принтинг ХХК, “Алтан үеийнхэн” ТББ, Б.Буджаргалын 10 жилийн сургуулийн нэг ангийн хамт олон, Өмнөговь аймгийн Боловсролын газар, “MCR Mongolia runners” групп, Manchester дахь монголчуудын холбоо, Manchesterийн гүйгч ээжүүдийн групп, Florida мужийн монголчуудын холбоо, “Оргилд гүйгч” ТББ, түүнийг дэмжигч олон нийтийн зүгээс дэмжлэг үзүүлсэн юм.