Металл боловсруулах машин суурилууллаа
Засвар механикийн завод техник технологийн шинэчлэлийн хүрээнд Солонгосын “Doosan” үйлдвэрийн металл боловсруулах тоон удирдлагатай фрезерийн суурь машиныг Механик цехэд суурилуулан ажиллуулж байна. Тус цехийн ажилчид өөрсдийн хүчээр уг машиныг суурилуулсан бөгөөд “Doosan” компанийн мэргэжилтнүүд тохируулгын ажил гүйцэтгэжээ. Суурь машин нь хүчин чадлын хувьд дөрвөн тэнхлэгтэй, мянганы нарийвчлалтай эд анги боловсруулах аж. Мөн 650-1400-гийн хэмжээтэй эд ангиуд дээр фрезерийн боловсруулалт хийх юм. Энэ талаар Механик цехийн дарга Д.Галбямба: “Манай цех гурван жилийн хугацаанд тоон удирдлагатай суурь машины төв байгууллаа. Энд токарийн болон фрезерийн суурь машинууд суурилуулсан.
“Doosan” маркийн тоон удирдлагатай суурь машин дээр ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг Солонгос улсад операторын сургалтад хамруулан ажиллуулж байна. Энэхүү машин ашиглалтад орсноор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хувьд эрсдэлгүй ажиллах нөхцөл бүрдлээ. Мөн бүтээгдэхүүний чанар, нэр төрөлд дэвшил гарсан. Уг суурь машиныг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулснаар тэгш шүдтэй араа боловсруулах, өрмийн суурь машинаар хийх ажилбаруудыг өөрийнх нь өгөгдлөөр нэг дор хийж байна” гэв.