“THE HU” хамтлагийн амжилт зогсолтгүй урагшилсаар байна
“The Hu” хамтлагийнхан Youtube-д нэг сая захиалагчтай болж, “Gold play button” шагнал хүртжээ. Тус хамтлагийн шинэ уран бүтээлийг “iTunes store”-оос сонсогчид хамгийн их татан авснаар шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлсэн билээ.
Хүннү рокийг сурталчлан түгээн дэлгэрүүлж яваа “The Hu” энэ удаа алдарт “Металлика” хамтлагийн 1992 онд гаргасан “Sad but True” дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар, монгол хэлээр дуулсан юм. Тэдний энэхүү сонголт нь дэлхийн рок хөгжим сонирхогчдын анхаарлыг татаад байна.
Түүнчлэн шинэ уран бүтээлийг нь “Металлика” хамтлагийнхан фэйсбүүк, твиттер хуудастаа онцолжээ. “The Hu” хамтлагийн шинэ дуу цацагдсан даруйдаа олон сая хүний хандалтыг авсан байна. Энэ амжилт нь тус хамтлагийнхны хувьд анхных биш юм. Хамтлагийн “Gereg” цомог биллборд чартыг тэргүүлж, түүхэн амжилт гаргасан билээ. Хамтлагийн продюссер Б.Дашдондог цахим хуудсаар дамжуулан уран бүтээлийнхээ тухай онцолсон удаатай. Тэрбээр “Дэлхий дахинаа цар тахал дэгдээгүй байсан бол “The Hu” хамтлагийн залуус 2020 онд нийт 98 тоглолт хийх байлаа. Мөн Латин Америкийн орнуудаар аялан тоглох байсан” хэмээн ярьсан юм.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин