МУСГЗ Ш.Гүрбазар Б.Чинбат, Ц.Сарнай нарын эмчилгээнд зориулж ХАНДИВЫН ТОГЛОЛТ хийнэ
"Sweetymotion” хамтлагийн продюсер, "Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, төгөлдөр хуурч Б.Чинбат элэгний хатуурлын улмаас яаралтай мэс засалд орж түүний гэргий "Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай донор болсон билээ. Хоёр уран бүтээлчийн биеийн байдал сайжирч байгаа боловч өдөр тутмын эмчилгээг тасралтгүй хийх шаардлагатай юм.Хагалгааны дараах эмчилгээг БНСУ-д хийлгэж буй бөгөөд санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан эмчилгээ зогсох эрсдэл үүссэн тул Монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, туслах хандивын аян өрнүүлэх санаачилгыг ч эхлүүлээд байгаа.
Тэгвэл олон сайхан дууны шүлгийг тэрлэсэн Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар залуу хосууд, уран бүтээлчдэдээ зориулан хандивын тоглолт хийхээр болжээ. Тэрээр "Ижийнхээ нүдэнд үр нь өтөлдөггүй” хандивын тоглолт, лекц зохион байгуулж тоглолтын бүх орлогыг Б.Чинбат, Ц.Сарнай нарын эмчилгээнд хандивлахаар боллоо.
Эрхэм зохиолчийн санаачлан зохион байгуулж буй хандивын тоглолтыг олон хүмүүс дэмжиж байгаа бөгөөд өнөөдөр гэхэд Монгол Улсын үндэсний урлагийн их театрын ерөнхий захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Гончигийн Цоггэрэл тоглолт болох танхимыг гаргаж өгөхөөр болжээ.
Удахгүй тоглолтын тов гарах тул Рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож чадсан, урлагийн үлгэр жишээ хосдоо эрүүл энх, элэг бүтэн амьдралыг бэлэглэж хандивын тоглолтыг дэмжихийг уриалж байна.