Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-6

Манай улс зарлигаар дархалсан 10 хайрхантай. Тэр дотроос Богдхан уул улсын нийслэлтэй хаяа залган оршдог. 1778 оноос зарлигаар тахиж ирсэн эртний уламжлалтай. 1911 онд Богд хааны зарлигаар жилд хоёр удаа буюу зун, намар тахиж байхаар хуульчлан тогтоожээ. Энэ уламжлал социализмын үед тасарч, 1995 онд Ерөнхийлөгч П.Очирбат зарлиг гаргаснаар төрийн тахилгыг сэргээн, мөн онд УИХ-ын тогтоолоор дархан цаазат уул болгож, 1996 онд ЮНЕСКО-гоос Дэлхийн шим мандлын сүлжээнд оруулсан байдаг. Аль ч талаас бодсон төрийн хатуу хамгаалалт, олон нийтийн анхаарлын төвд байдаг гэж ойлгогдохоор. Гэсэн атал хамгийн их талхлагдаж, хууль бус зөвшөөрлүүдэд дарлагдсан нь харамсалтай. Өдгөө Богд хан хайрхан маань “Байшин уул” гэмээр дүр төрхийг олж, сайд дарга нарын дархалсан газар болсон эмгэнэлтэй. Жилээс жилд ийнхүү үзүүлэлтийг нь бууруулсных уу, төрийн тахилгыг нь хийхдээ ч чимээ шуугиангүй тэгсхийгээд үйлдчихдэг болсон. “Богд хан уулыг тахилаа” гэсэн товч мэдээ төдийхөн гаргаад өнгөрдөг. Хамгийн сүүлд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 9-нд Ерөнхийлөгчийн зарлигаар хэдэн улстөрч очиж Богд хан уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг үйлдсэн сураг дуулдсан.
Богд хан уулыг Байшин хороолол болгосон эмгэнэл 1990-ээд оноос хойш алба хашсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нар, Хотын менежерүүд, тамга барьсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар, газрын асуудал эрхэлсэн газар, хэлтсийн дарга нартай салшгүй холбоотой. Тухайн үед дархан цаазат газарт тодорхой газрыг ашиглуулах, эзэмшүүлэх зөвшөөрөл олгох “Түр журам” гэгчийг гаргаж байв. “Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна” гэсэн баримт бичиг бүрдүүлж нэг хүн хэчнээнийг авсан байсан гэж ч яригддаг. Ийнхүү хууль, журам гэгчийн цоорхойгоор Богд хан уул, Зайсангийн амны газрыг сорчлон өөрсдийн болгох “марафон”-ыг төр, засгийн өндөр албан тушаалтан, тэдний тойрон хүрээлэгчид амжилттай хэрэгжүүлсэн. Үр дүнд нь Богд хан уул “Байшин уул” болж, Зайсангийн ам орон сууцаар дүүрч, цаашлаад Нүхтийг нүхэлсэн байшин хороолол үүссэн. Зарим нь сургууль, дэлгүүр, гоо сайхны газар барьж бизнесийн чиглэлээр ашиглах болсон. Гэтэл Богд хан ууланд газар ашиглуулах, эзэмшүүлэх “Түр журам”-д зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд зөвшөөрлийг цуцлах, хураах, барилга байшин барьсан бол буулгах болно гэж цагаан дээр хараар бичээстэй бий. ТХГНТ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дэх хэсэгт зааснаар Дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн судалгаа шинжилгээ, аялагч хүн түр буудаллах, отоглох зориулалтаар л ашиглахыг хуулиар зөвшөөрсөн байдаг.
Түүнийгээ огт хэрэгжүүлээгүй. Хэн нэгэн асуудал сөхсөн ч тэр нь ихэнхдээ сайд дарга нарынх байж таардаг тул тэгсхийгээд замхардаг.
Ийнхүү Улаанбаатарын урд зүгт дахин нэг “нийслэл” чимээгүй бөгөөд эрчимтэй баригдсан нь 2010-2014 оны үе байв. “Сөүл” группын хатагтай хэмээх нэрээр танигдаж гарч ирсэн Г.Өнөрболорын “Мантууш” компани оройлон “Грийн Вилла”, “Роял кастли” хотхоныг барьж, сүүл рүүгээ “Сөүл Вин”, “Роял Нью кэстл” “Уушги цохио”, “ “Карказ”, “Жигүүр Гранд”, “Бөх бат”, “Сөүл групп”, “Бодь” групп, “М-Си-Эс”, “Чоно”, “Фортуна” групп, Солонгосын хөрөнгө оруулалттай “G.SS.M” компани, “Мапекс”, “Эфмакс”, “Сипико”, “Мфикс” компаниуд орон сууцны хорооллын бүтээн байгуулалт хийж барилгын ажил ид бужигнаж байв. Гэхдээ үүнээс ч өмнө Байгаль орчны сайдын 2003 оны тушаалаар “Дабу”, “Сарнайх”, “Анома” зэрэг компанийн удирдлагад аялал жуулчлалын цогцолбор байгуулах нэрээр /ерөнхий төлөвлөгөөндөө орон сууцны барилга барихыг тусгасан байсныг мэдсээр байж/ зөвшөөрөл олгосон нь дээрх гоё нэртэй барилгууд дотор толгой цохидог гэх юм билээ. Энэхүү үйл явдлын мөрөөр манай сонин тухайн үед “Мантуушийн маапаан” цуврал сурвалжлага хийх явцад Богд уулыг хаяалсан моддыг ил цагаан хугачин байшингийн тулгуур хийж, дархан цаазат уулын тал талаас нүхлэн хайрга, зөөж, түүгээрээ газрыг нь тэгшлэн орон сууц, хувийн хаус, таун хороолол барьж байгааг ил болгож байв. Өдгөө Богд уулын наад хормой өм, цөм ухагдаж, Зайсан толгой алга болж тэр хавь янз бүрийн хэлбэр хийцтэй том, жижиг байшингаар дүүрчээ.
БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын үед Богд хан уул, Зайсан орчмын газрын 100 гаруй зөвшөөрлийг цэгцлэх асуудал ярьж байв. Д.Цэрэнбат сайдын үед усны нөөцийг бохирдож хомстохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн, газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй болон анх газар ашиглах эрх олгосон тушаал нь дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчиж олгосон зэрэг 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг БОАЖ-ын сайдын тушаалаар 2018, 2019 онд цуцалж байв.
Гэсэн ч зарим иргэн, аж ахуйн нэгж, байгууллага БОАЖЯ-ыг шүүхэд өгч, шүүхээс тэдний талд шийдвэр гаргаснаар асуудал гацсан тохиолдол цөөнгүй. Нэг эзэнтэй Монголын үндэсний их сургууль нэртэй НҮТББ, Политехникийн коллеж нэртэй НҮТББ гэгч хуулийн этгээдүүд нэр дээрээ 40 гаруй га газрыг Богдхан ууланд хашчихаад газрын төлбөр төлөхгүй, үйл ажиллагаа явуулахгүй хэл ам таталж байв.
Энэ бүхний эцэст Зайсангийн амыг, цаад утгаараа бол Богд хан уулын хэдэн амыг улсын тусгай хамгаалалтаас гаргах уу, суурьшлын бүсийг яаж шийдэх вэ гэдэг асуудал ил, далд яригдсаар удаж байна. Өнгөрсөн сонгуулийн дараа энэ салбарын сайдын албыг хүлээж авсан Д.Сарангэрэл хэлэхдээ “...Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амыг Улсын тусгай хамгаалалтаас гаргах, хилийн заагт өөрчлөлт оруулах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Өнөөдөр Богд уулын буга бусад амьтан буугаад ирж байгаа тухай иргэд тэр дундаа тэнд амьдарч буй оршин суугчид өөрсдөө ярихаас гадна зураг авч, бичлэг хийж, сошиал орчинд тавьдаг.
Бэлчээрлэх, амьдрах, хооллох ундлах газар нь хумигдсан учраас амьтан уруудсан нь тэр.Түүгээр ч зогсохгүй амьтдын цус ойртсон талаар мэргэжилтнүүд анхааруулж байна. Бас л сэтгэл өвдмөөр асуудал шүү. Ер нь газар дэлхий дээр биднээс гадна араатан жигүүртэн, амьд амьтан амьдардаг. Бид түүнийг нь булаагаад байна гэдгээ тооцож, асуудалд хандахгүй бол хүн талаасаа бодсон ч нүгэл үйлдэж буй хэрэг. БОАЖЯ Зайсангийн амыг улсын тусгай хамгаалалтаас гаргах санал гаргахгүй” гэжээ. Богд хан уултай холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшин, улмаар тансаг зэрэглэлийн орон сууц барьж, асар их ашиг олсон үндэслэлээр шалгаж эхэлсэн мэдээлэл байгаа юм. Төрийн тахилгат, дархан цаазат Богд хан уулаа хэвээр нь дархлах уу, баячуудын дархалсан газар, байшин хорооллын статусыг батлах уу гэдэг асуудлыг нэг мөр болгож шийдвэл сайн сан.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
скачать dle 12.0

Холбоотой мэдээ