МҮХАҮТ Засгийн газар, Ерөнхий сайдад хандан санал гаргажээ
Олон улсын валютын сангийн тооцоолсноор, цар тахлын нөлөөгөөр 2020 онд дэлхийн эдийн засаг 3.5 хувиар, өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг 4.9, хөгжиж байгаа орнуудын эдийн засаг 2.4 хувиар буурах бөгөөд 2021 онд дэлхийн эдийн засаг 5.5 хувь өсөхөөр байна. 2020 оны эцсээр олон улс оронд вирусийн халдварын давлагаа дахин гарснаас дэлхийн эдийн засгийн сэргэлт буурсан хэдий ч олон улсын хэмжээнд хэд хэдэн вакцин зөвшөөрөгдөн, хийж эхэлснээр сайжрах хүлээлт бий болсон. 2021 онд ихэнх улс орнуудын эдийн засаг өсөх хүлээлттэй байгаа ч сэргэх үйл явц өөр хоорондоо ихээхэн ялгаатай байна. Монгол улсын хувьд эдийн засаг, бизнес ба иргэдийн орлогод үзүүлсэн цар тахлын сөрөг нөлөө, үүссэн байгаа хүндрэлээс гадна цаашид вирусийн халдварын тархалт нэмэгдэх, вакцины нийлүүлэлт саатах зэргээс гарах эрсдэл их байна.
Дэлхийн банкнаас 2021 оны 1 дүгээр сард гаргасан тайланд Монгол улсын эдийн засгийг 2020 онд 5.2 хувиар буурна, 2021 онд 4.З хувь, 2022 онд 5.4 хувь өснө гэж таамагласан байна. Монгол улс 2020 оны эхний 3 улирлын урьдчилсан гүйцэтгэлээр ДНБ 12.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар буурсан дүнтэй байна. 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 16.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр буюу 6.7 хувиар, гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ 12.9 тэрбум ам.доллар болж, 6.4 хувиар буюу 877 сая ам.доллараар буурсан байна.
Монгол улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2020 оны 3 дугаар улирлын эцсийн байдлаар 31,193 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлээс 1,259 сая ам.доллараар өссөн бол гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 435 сая ам.доллар болж өмнөх оны мөн үетэй харьцуулбал 244 сая ам.доллараар буурсан дүнтэй байна. Дэлхийн банк группийн 1 сарын тайланд дурдсанаар цар тахлын эсрэг бодлогын хариу арга хэмжээ авснаар Зүүн Азийн бүс нутагт төсвийн алдагдал огцом нэмэгдэхэд хүргэсэн бөгөөд нэмэлт санхүүжилтийн хэрэгцээг хангахын тулд хэд хэдэн засгийн газар дотоодын зээлийг ашигласан ба зарим орнууд түүний дотор Монгол улс гадны санхүүжилтэд илүү түшиглэсэн. Төрөөс гаргасан дэмжлэг болон үйл явц удаан үргэлжилж байгаагаас бүс нутгийн улсын өрийн хэмжээ ойролцоогоор 7 пунктээр нэмэгдэж, Монгол Улсын хувьд ДНБ-ний 60 хувиас дээш түвшинд хүрсэн байна.
Монгол улсын Засгийн газраас өнөөгийн нөхцөл байдлыг зөв үнэлэн оновчтой шийдвэр гаргаснаар төр, хувийн хэвшил, иргэд харилцан ойлголцож, итгэлцэж хамтдаа энэхүү хүндрэлийг даван гарч эдийн засгаа сэргээх болно.
МҮХАҮТ-ын зүгээс Засгийн газарт хандан дараах 7 асуудлыг нэн тэргүүнд авч үзэн шийдвэрлэх саналыг тавьж байна. Үүнд:Нэг. Монгол улсын засгийн газраас цар тахлын нөлөөгөөр ихээхэн хохирол амссан хувиараа бизнес эрхлэгчдэд мөнгөн тусламж үзүүлэх, аж ахуйн нэгжүүдийг ажлын байраа хадгалахад нь зориулан санхүүжилт олгох, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаагаа сэргээхэд нь нэн хөнгөлөлттэй зээл олгох санхүүгийн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх
Ковид 19 вирусийн халдвараас сэргийлэх, халдварын тархалтыг зогсоох арга хэмжээний нөлөөллийн талаар МҮХАҮТ-аас 2020 оны 3 сард явуулсан судалгаанд оролцогчдын 57 хувь нь бизнест маш их нөлөөлсөн гэж байсан бол хатуу хөл хорио тогтоож эхэлсэн 11 сард энэ үзүүлэлт 96 хувь болж 39 хувиар өссөн. Ялангуяа хатуу хөл хорио тогтоосон энэ хугацаанд судалгаанд оролцогсдын 66 хувь нь бүрэн зогссон, 22 хувь нь хязгаарлагдмал хүрээнд, 10 хувь нь зайнаас ажиллаж, дөнгөж 2 хувь нь хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн бөгөөд 53 хувь нь 1 сараас бага хугацаанд ажлын байраа хадгалах боломжтой, 63 хувь нь 1 сарын хүртэл хугацааны бэлэн мөнгөний нөөцтэй гэж тус тус хариулсан.
Судалгааны дүнгээс харахад хатуу хөл хорионы үед ажлын байраа хадгалах, ажиллагсдын цалин тавих, бизнесийн зээлээ төлөх нь бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн хүндрэлтэй асуудлууд байна. Бизнесийн үйл ажиллагааг эргэж сэргээхэд Засгийн газраас шаардлагатай дэмжлэгүүд гэсэн хариултуудыг эрэмбэлж үзэхэд татвар (НӨАТ)-ын хөнгөлөлт, чөлөөлөлт (56%), зээлийн төлбөр, хүү төлөх хугацааг хойшлуулах (54%), НДШ-ийн төлбөрийг хөнгөлөх, төлөх хугацааг хойшлуулах (50%), санхүүгийн дэмжлэг (47%), хөнгөлөлттэй зээл (44%) байна.
Хатуу хөл хорионы үед бизнес эрхлэгчдийн хувьд тулгарч байсан бас нэг бэрхшээл нь Засгийн газар, УОК, НОК-оос гаргасан шийдвэрүүдийн ойлгомжгүй уялдаагүй байдал байсан. Иймд бизнесийн үйл ажиллагааны эрсдэлийг бүх нийтийн ба өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй уялдуулан салбар, төрөл бүрээр нарийн тооцож, зөвшөөрөх ба хориглох бизнесийн үйл ажиллагааг 4-5 шатлалаар хатуу тогтоож мөрдөх нь чухал юм.
Хоёр. 2021 оны төсвийн зорилго, агуулгыг эдийн засгийн хүндрэлийг даван туулах байдлаар тодорхойлж урсгал, хөрөнгө оруулалтын зардлуудыг эрэмбэлэн ангилах, хэт хавтгайрсан халамжийг бууруулах, чухал бус хөрөнгө оруулалтуудыг царцаах, хойшлуулах, цар тахлын үед хүндрэлд орсон бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тусган төсөвт тодотгол хийх
2021 онд Монгол улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 27.9 хувь, нийт зарлагын хэмжээг 13.9 их наяд төгрөг буюу 30.0 хувь, төсвийн алдагдлыг -2.1 их наяд төгрөг буюу 5.1 хувь байхаар УИХ-аас баталсан. 2021 оны улсын төсвийг төлөвлөхдөө улсын төсвийн орлогыг бүрдүүлэх үндсэн зорилгууд нь хэрэгжих нь эргэлзээтэй, хэт өөдрөг төсөөллөөр хийсэн бөгөөд гадаад, дотоод эрсдлүүдийг харгалзаж үзээгүй. 2020 онд төсөвт тусгасан зарим хөрөнгө оруулалтын төсөвт өртөг 2021 онд их бага хэмжээгээр нэмэгдэж орж ирсэн бөгөөд эдийн засгийн үр ашиг гэхээс илүү цалин, тэтгэвэр, тэтгэмж, татаас зэрэг нийгмийн шинж чанартай зардлууд урсгал зардлын бүтцэд давамгайлсан байсан.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 10.4 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 9.4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр буурсан дүнтэй байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 14.0 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 4.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан бөгөөд энэхүү алдагдал нь ДНБ-ний 11.7 хувьтай тэнцэж байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ нь өмнөх оны мөн үеэс 2.3 их наяд төгрөгөөр өсчээ.
Ер нь төсвийн хууль эрх зүйн орчны тогтвортой байдал алдагдсан гэж хэлж болно. 2011 оны 12 сард батлагдсан төсвийн тухай хуульд 38, 2010 оны 6 сард батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 12, 2015 онд батлагдсан Өрийн удирдлагын тухай хуульд 4 удаа тус тус өөрчлөлт орсон бөгөөд 2015 онд батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хүчингүй болж, 2020 оны 5 сард Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль батлагдсан. Хуулийн замбараагүй өөрчлөлтүүд, улс төрийн нөлөөлөл, төсөв батлах зарчим дүрмүүд тодорхой биш, төсвийн зорилго тодорхой биш, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн зарчмуудыг баримтлахгүй байгаа нь төсвийн төлөвлөлтөнд сөрөг нөлөө үзүүлж байна.
Дэлхийн банкны судалгааны тайланд “Хөрөнгө оруулалтын удирдлага сул байгаагаас төслийн сонголт сул хийгдэж, төслийн хэрэгжилтийн хугацаа удааширч, зардал үлэмж хэтэрч, баригдсан хөрөнгө түргэн элэгдэхэд хүрч байгаа нь үр ашиг муу байна. Иймд хөрөнгө оруулалтын үр ашигтай байдлыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэх явдал нь эн тэргүүний сорилт болоод байна” гэснийг онцгойлон анхаарах нь зүйтэй. Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 2018 онд 1.7 их наяд төгрөг байсан бол 2020 онд 3.4 их наяд төгрөг болгон 2 дахин, 2021 онд мөн 3.5 их наяд төгрөг болгож 2.1 дахин өсгөсөн. Өмнөх жилүүдэд хөрөнгө оруулалтын зардал нь УИХ-ын сонгуультай жилд өсч дараагийн жилүүдэд буурдаг байсан бол 2021 онд хөрөнгө оруулалтын зардлыг 2020 оны адил зарлагын хэт тэлсэн өндөр дүнгээр баталсан. Цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн уналт тодорхойгүй хугацаанд үргэлжлэх, хөл хорионы улмаас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа саарч эдийн засгийн идэвхжил буурах, 2021-2023 онуудад төлөгдөх том дүнтэй зээлийн төлбөрөөс шалтгаалан гадаад валютын нөөц, санхүүгийн дансны дарамт ихсэх бодит эрсдэлүүд тулгарсан байгааг мөн тооцох нь зүйтэй.
Гурав. Төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн байгууллагуудад менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх, төрийн албан хаагчдын бүтээмж, гүйцэтгэлийг сайжруулах замаар төрийн албаны тоог бууруулах, цаашид нэмэгдүүлэхгүй байх
Төрийн албан хаагчдын тооны өсөлтийг 2007-2019 онуудад авч үзэхэд нийт төрийн албан хаагчдын тоо 2019 онд 2007 онтой харьцуулахад 144.1 мянгаас 198.7 мянга болж 55.6 мянгаар буюу 38 хувиар нэмэгджээ. Түүний дотор төрийн улс төрийн албаны тоо 37.9 хувиар, төрийн захиргааны албаны тоо 81.7 хувиар, төрийн тусгай алба 51.7 хувиар, төрийн үйлчилгээний алба 34.9 хувиар тус тус өссөн байна. Төрийн улс төрийн албаны тоо 2019 онд 2011 онтой харьцуулахад 20 хувиар, 2015 онтой харьцуулахад 15.9 хувиар тус тус өсчээ.Мөн төрийн албан хаагчдын тооны өөрчлөлтийг сонгуулийн жилүүдэд авч үзэхэд сонгуулийн жил буюу сонгуулийн дараа жилд нь огцом нэмэгдэж ирсэн байна. Тухайлбал төрийн улс төрийн албаны тоо өмнөх жилтэй нь харьцуулахад 2008 онд 104, 2009 онд 161, 2013 онд 186, 2017 онд 398, 2019 онд 182 -аар тус тус нэмэгдсэн байна.
Монголын бизнесийн орчин 2020 судалгаагаар дээд үнэлгээ 5 байхаас Засгийн газрын үйл ажиллагаа (2.63) нь муу талдаа үнэлэгдсэн бөгөөд үүний дотор төрийн байгууллагын үйлчилгээ (2.81), төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, хүртээмжтэй байдал (2.80) төрийн байгууллагын хүнд суртал (2.38) төрийн байгууллагын авлига, хээл хахууль (2.37) гэж үнэлэгдсэн нь 2017 оны судалгааны дүнгээс төдийлөн ахиц гараагүй байгаа бөгөөд энэ нь төрийн албан хаагчдын тоо нэмэгдсэнээр төрийн үйлчилгээ сайжраагүй, хүнд суртал буураагүйг харуулж байна.
Эдийн засгийн нөхцөл байдал хүнд, улсын төсвийн орлого тасалдах, улсын төсвийн алдагдал жилээс жилд өсч байгаа энэ үед улам бүр данхайж буй төрийн бүтэц, орон тоог зохистой хэмжээнд хүртэл бууруулах нь зайлшгүй шаардлагатай. Юуны түрүүнд төрийн улс төрийн албаны тоог 2016 оны түвшинд буюу 3 мянга болгон бууруулж, сонгуулийн үр дүнгээр бий болгодог албан тушаалуудыг цаашид гаргахгүй байх жишгийг энэ Засгийн газрын үед тогтоох нь зүйтэй юм.
Дөрөв. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн засаглал, удирдлагын тогтолцоонд эрс шинэчлэл хийх, үйл ажиллагааны болон мэдээллийн ил тод байдлыг хангах, чадварлаг менежментийн багаар удирдуулах, төрийн өмчийг хувьчлах замаар эдгээр аж ахуйн нэгжүүдийн бүтээмж, үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим хуудсанд тавьсан мэдээллээс харахад Монгол Улсад 102 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчийн үйлдвэрийн газар байгаа бөгөөд үүнээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд 13, Сангийн яамны харьяанд 6, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын харьяанд 83 төрийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газар ажиллаж байна.
Санхүүгийн мэдээлэл нь нийтэд ил төрийн өмчит ба төрийн оролцоотой 80 аж ахуйн нэгжийн 2019 оны жилийн эцсийн борлуулалтын орлого, өр төлбөр болон ашиг алдагдлыг авч үзэхэд эдгээр аж ахуйн нэгжийн 32.1 хувь нь алдагдалтай, 43.4 хувь нь 5 хүртэл, 10.5 хувь нь 5-20, 18.4 хувь 20-аас дээш хувийн ашигтай ажилласан байна. Алдагдалтай ажилласан аж ахуйн нэгжүүдийг авч үзвэл, 43 төрийн өмчит хувьцаат компаний 11 нь буюу 25.6 хувь, 14 хязгаарлагдмал хариуцлагатай компаний 8 нь буюу 57.1 хувь, 20 төрийн өмчит үйлдвэрийн газрын 7 нь буюу 35 хувь нь алдагдалтай ажиллажээ. 2019 оны байдлаар эдгээр аж ахуй нэгжүүдийн 12 нь жилийн ашгаасаа 30-100 дахин, 13 нь 100 дахинаас илүү өр төлбөртэй байна.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниуд нийтдээ ойролцоогоор 32 их наяд төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй боловч төсөвт тушаах орлого нь 2020 онд 150 тэрбум төгрөг, 2021 онд 180 тэрбум төгрөг байхаар төлөвлөснөөс харвал төрийн өмчит компаниуд 0.4-0.6 хувийн өгөөжтэй ажиллаж байна.
Тав. Уул уурхайн бус экспортын салбаруудыг дэмжин хөгжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого, стратегийг хувийн хэвшлийн оролцоотойгоор гарган хэрэгжүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэх хувийн хэвшлийн томоохон төслүүдийг дэмжих
Эдийн засгийн хөгжлийн бодлого чиглэлийг гаргах институци тодорхой биш тогтворгүйгээс хөрөнгө оруулалт, төсвийн бодлого эдийн засгийн өсөлтийг хангах, гол салбаруудыг дэмжихэд чиглэхээс илүү сонгуулийн амлалт, сонгуулийн зардалд чиглэгдэх болсон.
Монгол улс уул уурхайн бүтээгдэхүүний экспорт ихэнх хувийг нь эзэлдэг экспортын бүтэцтэйгээр олон жил явж ирсэн ба экспортыг дэмжих талаар бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүд гардаг ч бодит үр дүн маш бага байгаа бөгөөд Европын Холбоо, АНУ, Япон худалдааны хөнгөлөлтийн систем болон хэлэлцээрүүдийг дэлхийн бусад оронтой харьцуулахад бараг ашиглаж чадахгүй байна. Монгол улсын экспортын нийт дүн 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оноос төдийлөн буураагүй ч экспортын барааны эзлэх хувийг авч үзвэл эрдэс бүтээгдэхүүний экспорт 2019 онд 84 хувиас 2020 онд 69.4 хувь, нэхмэл ба нэхмэл бүтээгдэхүүн 6 хувиас 3.7 хувь болж буурсан ба харин үнэт, хагас үнэт чулуу, метал гоёлын зүйлсийн экспорт 5 хувиас 23.6 хувь хүрч нэмэгдсэн байна. Экспортын гол салбаруудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд уул уурхайн бус, ялангуяа хөдөө аж ахуй бүтээгдэхүүний экспортыг нэгдсэн бодлогоор дэмжих шаардлагатай.
Монгол Улс гадаадын шууд хөрөнгө оруулалтанд хууль, зохицуулалтын хувьд нээлттэй боловч бусад орнуудтай харьцуулахад гаднаас орж ирж буй хөрөнгө оруулалтын урсгал хангалтгүй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьд тулгарч буй нэг гол бэрхшээл нь улс төрийн ба бодлогын тогтворгүй байдал бөгөөд гадаад этгээдийн хувь эзэмшил, үл хөдлөх хөрөнгө эзэмших эрх, ажиллах зөвшөөрөл зэрэгтэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг эргэн харах, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж зохицуулалтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.
2020 оны 3 дугаар улиралд Монгол улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалт 435 сая ам.доллар болж өмнөх оны мөн үетэй харьцуулбал 244 сая ам.доллараар буурсан дүнтэй байна. Статистикаас харахад 2012 оноос хойш гадаадаас орж ирсэн нийт хөрөнгө оруулалтын 81 хувийг байгалийн нөөц баялаг эрэлхийлсэн хөрөнгө оруулалт эзэлж байгаа нь эдийн засгийн төрөлжилтийн хувьд тун хязгаарлагдмал байна.
Зургаа. Төр хувийн хэвшлийн үндэсний хэмжээний зөвлөлдөх хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, эдийн засгийн гол салбарууд болон аймгуудад Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх хороодыг байгуулж төр хувийн хэвшил хэлэлцэх тогтолцоог бүх түвшинд бий болгож, тогтвортой байдлыг хангаж ажиллах
Төр, хувийн хэвшлийн хэлэлцэл нь буурай хөгжилтэй болон хөгжиж буй улс орнуудад нэгэнт туршигдаж аливаа асуудал, санаачилгыг хамгийн үр дүнтэй хэрэгжүүлэх аргачлалаар танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд үндсэн зарчим нь ойлголцол-итгэлцэл-хамтын ажиллагаа-хяналт бөгөөд Төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянах бүх үйл явцад хувийн хэвшил, мэргэжлийн институциудын оролцоог хангах замаар хүндрэл бэрхшээлийг даван туулах оновчтой шийдэл, арга хэмжээг хэрэгжүүлдэг.
Төр хувийн хэвшлийн хэлэлцлийг бий болгох, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол улсын Засгийн газраас тодорхой хэмжээнд анхаарал хандуулж үе үеийн хувийн хэвшлийн оролцоотой ба хамтарсан зөвлөл хороодыг байгуулж ирсэн. Тухайлбал: Ерөнхий сайдын 2017 оны 167 дугаар захирамжаар Эдийн засгийн бодлогын зөвлөл, Ерөнхий сайдын 2016 оны 136 дугаар Захирамжаар “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”, ЗГХЭГ-ын даргын 2017 оны 320 дугаар тушаалаар “Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-г тус тус байгуулсан билээ. Германы олон улсын техник хамтын ажиллагааны төсөл, Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд хэд хэдэн аймагт төр хувийн зөвлөлдөх хороодыг мөн байгуулсан. Гэвч төр засаг, орон нутгийн удирдлага солигдох болон бусад шалтгааны улмаас байгуулагдсан зөвлөл, хороодын үйл ажиллагаа тогтвортой явагдаж чадахгүй өдий хүрчээ.
Долоо. Бизнесийнхэний хувьд тулгамдсан асуудал болох авлигаас ангид байх, хүнд суртлын бууруулах нөхцөлийг бүрдүүлэх зөв тогтолцоог бүрдүүлэх, төрийн байгууллагуудын ил тод, шилэн байх явдлыг хангаж улам бүр боловсронгуй болгох, авлигын эсрэг төр хувийн хэвшил хамтран ажиллах
Трансперенси интершэйшнл байгууллагаас гаргасан Авлигын индексээр Монгол улс 2019 онд 35 оноотойгоор 180 орноос 105 дугаар байранд байсан бол 2020 онд мөн оноогоор 111 дүгээр байранд эрэмбэлэгджээ.
Азийн сангийн “Бизнес эрхлэлтийн орчин дах авлигын нөхцөл байдал 2018” судалгааны тайлангаас харахад 2016 оноос хойш төрийн албан дах авлигын нөхцөл байдал бага зэрэг сайжирсан үзүүлэлттэй байгаа хэдий ч хувийн хэвшил дэх авлигын төвшинтэй харьцуулахад доогуур үзүүлэлттэй байна. Төрийн үйлчилгээ нь авлигад хамгийн ихээр өртөмтгий салбарт тооцогдсон хэвээр байна. 2015-2018 оны хооронд уг судалгаанд оролцогчдын бараг тэн хагас нь төрийн албаны авлига тэдгээрийн бизнест “маш ихээр” буюу ”тодорхой хэмжээнд” нөлөөлсөн гэж үзсэн.
Монголын бизнесийн орчин- 2020 судалгаагаар бизнесийн орчинг сайжруулахын тулд нэн тэргүүнд хэрэгжүүлбэл зохих арга хэмжээнүүдийн эхний 5 асуудлын нэг нь авлига, хүнд суртлыг бууруулах гэж оролцогчдын 51.5 хувь нь үзсэн.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ