Огцрох болзлоо хангасан Зам тээврийн сайдтан


-Дарханы замыг хугацаанд нь өгөөгүй компаниудтай хариуцлага тооцно гэж мэдэгдсэн нь албан тушаалтнууддаа хахууль авах боломж олгосон уу-
Зам тээврийн хөгжлийн яам гэж Монгол Улсын дэд бүтцийн хөгжлийг хариуцдаг ч ажил нь урагшгүй, албан хаагчид нь хууль бус үйлдлээрээ гаргууд хүмүүс болж хувирсан бололтой. Ингэж хэлэхээс арга байсангүй эрхэм хүндэт сайдтан Б.Энх-Амгалаан!!!  
Дарханы зам гэж там болсон, энхэл, донхол бүхий газрын байгаа, танай яамны албан тушаалтнуудын хөрөнгөжиж, хахуулийн хэрэгт холбогдож байгаа хоёроос дээрх дүгнэлтийг хийхээс аргагүй нь. Ингэж хэлэх эхний жишээ нь танай яамны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ. Мань хүнийг уг нь хахууль авч байхад нь үйлдэл дээр нь барьж, цагдан хорьсон. Х.Оргил-Эрдэнийг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн хятад иргэдээс их хэмжээний авлига авсан хэмээж байв. Гэвч өнгөрөгч баасан гарагт түүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал болж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын санал баримтаар нотлогдоогүй гэж үзэн, суллах шийдвэр гаргасан. Ингэхдээ Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч "Миний үйлчлүүлэгч ямар нэг хахууль аваагүй. БНХАУ-ын иргэн өрөөнд боодолтой юм орхиод зугтаасан. Тэр үед АТГ-ынхан орж ирсэн” гэж тайлбарласан байдаг. Ёстой л орооцолдсон ээдрээ үүсгэх гэж яддаг олон ангит киноны зохиол цаашаа гэмээр тайлбар. Нөгөө талаар хахууль авсан ч яаж ч мултарч чадна гэсэн бардамнал гэхээс өөрөөр юу ч гэх вэ.
Төрийн тусгай хамгаалалтад байдаг яамны байранд гадаад байтугай монгол иргэн ч хүссэн үедээ гүйгээд орчихдог, харайгаад гарчихдаг юм биш. Тийм байтал дээрх тайлбар олон нийтийг доромжилж байгаагаас ялгаа алга. Үүний өмнө мөн л тус яамны газрын дарга Д.Доржхандыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан цагдан хорьсон.
Дээрх хээл хахуулийн асуудлууд нь нөгөө л удаан жилийн настай Дарханы замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдоод байгааг эх сурвалжууд хэлж байгаа юм. Салбарын сайд нь энэ замыг хугацаанд нь хүлээлгэн өгнө хэмээн өнгөрсөн зунжин "бурсан”. Эцэст нь хугацаандаа хүлээлгэж өгөөгүй компаниудтай хариуцлага тооцно гэж мэдэгдсэн нь албан тушаалтнууддаа хахууль авах боломж олгосон уу хэмээн олон нийт хардаж байна.
Одоогоор Дарханы чиглэлийн замын ажил улирлын байдлаас зогссон нь үнэн. Гэхдээ цагийн юмыг цагт нь хийсэнсэн бол хичнээн иргэн амь, бие, эрүүл мэнд, эдийн засгийн хохирол амсахгүй, тав тухтай зорчих боломж байсан бол гэдгийг тооцоолох л учиртай. Эрхэм сайдтан газар дээр нь очиж танилцлаа л гээд байснаас эхнээсээ хатуухан арга хэмжээ авч байсан бол өнөөдөр Дарханы зам дардан байх боломж байсан гэдгийг нийслэл болоод орон нутаг хооронд байнга явдаг жолооч нар ам уралдан ярьдаг.
Зөвхөн Дарханы чиглэлийн замын ажлаас харахад Б.Энх-Амгаланг Зам тээврийн хөгжлийн сайд биш СААД гэхээс өөр арга ч үлдсэнгүй.
Учир нь түүнийг хүсвэл ямар ч ажлыг хийж чаддаг гэдгийг ойр тойрныхон нь хийгээд бизнесийн хүрээнийхэн хэлдэг. Харамсалтай нь төрийн бус хувийн ажлаа л тэгж хурдтай хийж, гүйцэтгэдгээс дээрх яриа гарсан.
Хэн бүр тийм ч сайн мэдэхгүй Б.Энх-Амгалан гэнэт парламентын гишүүн болж, тэр хурдаараа Зам тээврийн хөгжлийн сайдын албанд очсон. Гэвч өөрийнх нь албан тушаалын хурд хариуцсан салбарын ажлын явц хоёрын зөрүүг өнөөдөр яаж ч дүгнэсэн өдөр, шөнө шиг ялгаатай л харагдана. Түүнчлэн мань хүний эзэмшлийн "Мишээл экспо” зах нь улам бүр өргөжин тэлж, үзэсгэлэн худалдаа үргэлжлэн, хүний хөл үл татарч, өдгөө бүр Монголдоо анх удаа Хоолны гудамж буюу Food street байгуулах ажилдаа шамдаад байгаа. Тэнд хятад, солонгос, энэтхэг, европ үндэсний хоолны ресторанууд ажиллаж, төрөл бүрийн уушийн газар, дарсны үйлчилгээ, спорт паб, кофе шопууд төвлөрнө гэхчилэн ажлыг бол ёстой л гялалзуулж байгаа. Харин нөгөө талд төрийн ажил бол таг гацаатай хэвээр байна. Гацаасан ажлуудын талаарх урт жагсаалтыг бид үргэлжлэл болгон хүргэх болно. Ямартай ч огцрох болзолоо хэдийнэ хангасан Зам тээврийн сайдтан хэзээ хэлсэн амандаа хүрч албан тушаалаа өгөх бол...
эх сурвалж:erennews.mnскачать dle 12.0

Холбоотой мэдээ