Ц.Мөнх-Оргил: Оны сүүлд зээл авсан хүмүүсийг шалгах нь зөв
Эдийн засгийн байнгын хороо хуралдаж иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлж, тэглэх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас оруулж ирсэн төслөөр өндөр настны болон халамжийн тэтгэвэр, тэтгэмж, цэргийн тэтгэврээ арилжааны банканд барьцаалан зээл авсан иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх талаар тусгасан. Төслийн танилцуулгыг ХНХ-ын сайд С.Чинзориг хийв.
ХНХ-ын сайд С.Чинзориг:
-ҮАБЗ-ийн хэмжээнд тэтгэврийн зээлийг тэглэх хүрээнд хуулийн төслийг боловсруулсан. Одоогийн үйлчилж байгаа хуулиар ахмад настан өөрөө зөвшөөрөөгүй бол барьцаалахыг хориглоно гэсэн. Тэтгэвэр барьцаалан зээл олгохыг шууд хориглоно. Цаашдаа өрхийн орлогыг дэмжсэн бүтээгдэхүүн гаргах, эсвэл богино хугацаатай тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүн гаргахаар ярьж байна. Иргэдийн 98 орчим хувь нь 6 сая хүртэл төгрөгийн, 10 орчим хувь нь 6-аас дээш сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй байгаа. Хуулийн төслийг боловсруулахдаа анх иргэдийн тэтгэврийн зээлийн 6 сая хүртэлх төгрөгийг тэглэх санал гаргаж байсан. Гэвч ҮАБЗ-ийн зөвлөмжид тусгасан чиглэлээр явах болсон.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Зээл тэглэх шийдвэр гарахаас өмнө их хэмжээний зээл авсан мэдээлэл байна. Үүнээс харахад ямар нэгэн байдлаар мэдээлэл авсан хүмүүс их хэмжээний зээл авсан байх магадлалтай. Зээл аваагүй гэж хэлж болохгүй байна. ҮАБЗ-ийн зөвлөмж гаргахаас өмнө зээл авсан хүмүүсийг тодруулах шаардлагатай. Ингээд Монголбанк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам зэрэг байгууллагад хамаатан садан нь ажилладаг уу гэдгийг тодруулах нь зөв. Ингэж энэ асуудалд цэг тавих хэрэгтэй. Надад нэр, хаягтай хүмүүс ч мэдээлэл ирүүлж байна. Хоёрдугаарт, макро эдийн засгаа сайжруулж, зөв төсвийн бодлоготой болж байтал төсвийн гадуурх бодлого гаргаж ирлээ. Мөн иргэд өрхийн зээл авч, хугацаандаа төлөөд зөв гольдролоор явж байсан. Харин энэ хуулийг баталбал энэ гольдролыг өөрчлөх нь. Иргэд зээл авсны дараа тэглэчихдэг юм гэсэн хүлээлттэй болно.
ХНХ-ын сайд С.Чинзориг:
-ҮАБЗ-ийн зөвлөмж гаргах сургаар, гарснаас хойш давуу байдлаа ашиглан бусдад зээл авсан эсэхийг мэдэхэд хэцүү. 12 дугаар сарын 30-ны Засгийн газрын нууц хуралдаанаар хэлэлцсэн. Тэгээд Монголбанкны Ерөнхийлөгчтэй тэтгэвэр барьцаалсан зээлийг нэгдүгээр сарын нэгнээс зогсоох талаар ярьсан. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг төсвийн харилцаанаас тусад нь зохицуулах зарчим баримталсан. Тиймээс хардлагатай холбоотой асуудал байхгүй байх. Хоёрдугаарт, тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг төсөвт хамаарахгүйгээр зохицуулж байгаа.