Гадаадад суугаа монголчууд тооллогод хамрагдана
Хүн ам, орон сууцны улсын тооллого 2 дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлд гэхэд 500 тоологч, 128 шалгагч ажиллаж байна. Энэ удаагийн тооллогоор:
- Иргэдийн хаягийн мэдээллийн санг шинэчлэн бүрдүүлэх,
- Гадаад орнуудад ажиллаж, амьдран суугаа монгол иргэдийн тоог гаргах,
- Хүн амын суурь мэдээллийг баталгаажуулах зэргээрээ онцлогтойг Үндэсний статистикийн хорооноос мэдэгдэж байна.
Тодруулбал, Хүн ам, орон сууцны улсын 11 дэх удаагийн энэ ээлжит тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох чухал ач холбогдолтойг онцолж байна.
Бүртгэлд суурилсан болон уламжлалт цаасаар авах хосолсон аргыг хэрэглэж буй энэ удаагийн Хүн ам, орон сууцны тооллогод манай улсын 3.5 сая иргэн хамрагдах юм.
Хүн ам, орон сууцны тооллого энэ сарын 15-ны өдрийн 22:00 цагт дуусах тул ҮСХ-ноос иргэдийг тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна.