Эмч ажилчдын илүү цагаар ажилласан цалин урамшууллыг яаралтай олгохыг даалгав
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд урьдчилан мэдэгдэлгүйгээр очиж, эмнэлгийн удирдлагууд болон Шуурхай удирдлагын нэгжийн багтай уулзаж, нөхцөл байдлыг шалгаж тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэв.
ХӨСҮТ-ийн үйл ажиллагааны зохион байгуулалт, шинжилгээний сорьц цуглуулах явц, дам хавьтлыг илрүүлэх, халдварын идэвхтэй голомтуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж байгаа мэдээллийг ХӨСҮТ-ын дарга Д.Наранзул өглөө.
“Ковид-19” цар тахлын үеийн тандалт судалгааг ХӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын нэгжээс хийж долоо хоног бүр дүгнэлт гаргаж байна. Тандалтын судалгаагаар нийслэлийн хэмжээнд идэвхтэй байгаа халдварын голомтуудыг тодорхойлж байна.
Батлагдсан тохиолдол гарсан байршлуудад ариутгал халдваргүйжүүлэлт дутуу хийгдэж, сэжигтэй тохиолдол илэрч батлагдсан тохиолдлыг авч яваад, ойрын хавьтлыг шинжилгээнд хамруулдаггүй асуудлыг Шадар сайд шүүмжилж, дотоод зохион байгуулалтыг сайжруулахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа. Тэрбээр “ Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын эх үүсвэрүүдийг тодорхойлох ажил хангалтгүй байна. Тандалт судалгааны үйл ажиллагааг өргөжүүлж, нарийвчлан тогтоохын тулд бүх мэдээллийг цахимжуулж технологийн шийдлийг ашиглах хэрэгтэй. ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн ажлын уялдаа холбоо зохион байгуулалт муу байна. Сэжигтэй тохиолдлын явсан газар бүрийг ариутгалгүй, хагас дутуу гүйцэтгэж байна. Эмнэлгийн ажилчид албан хаагчдын илүү цалин хөлсийг нэмэгдүүлж олго. Тандалтын тоон мэдээллийг яаралтай цахимжуулж, ХӨСҮТ-ийн үйл ажиллагааг нь эрчимжүүл” хэмээлээ.