Ч.Тунгалаг: “Ковид-19”-ийн дархлаажуулалт эхэлсэн учраас цусны нөөц багасах эрсдэлтэй
Эрүүл мэндийн байгууллагад хамгийн шаардлагатай зүйлийн нэг бол цус, цусан бүтээгдэхүүн юм. Цар тахлын үед цусны нөөц ямар байгааг ЦССҮТ-ийн Донор зохион байгуулалтын тасгийн эрхлэгч Ч.Тунгалагаас тодрууллаа.
-ЦССҮТ-д цусны нөөц өнөөдөр ямар түвшинд байна вэ. Ковидтой холбоотойгоор иргэд цусаа өгөхнь багассан уу?
-Нийслэлийн хэмжээнд хоёр суурин төвөөр цусаа цуглуулж байна. Тодруулбал Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт цус цуглуулах төв ажиллаж байна. Энэ хоёр төвөөр өдөртөө 70-100 орчим иргэн цусаа бэлэглэдэг. Мөн явуулын хэлбэрээр өдөрт 7-8 хүний бүрэлдэхүүнтэй баг аж ахуйн нэгж, албан байгууллага дээр очиж, цусны донорын өдөрлөгийг зохион байгуулдаг. Ковидтой холбоотойгоор өнөөдөр цус бэлэглэх явуулын үйл ажиллагаа багассан. Өдөрт 60-80 орчим хувьтай явуулын цэгээр цус цуглуулдаг байсан бол одоо 20-60 орчим хувийг цуглуулж байна. Ерөнхийдөө хөл хорионы үед явуулын үйл ажиллагаа зогссон гэж хэлж болно. Хөл хорио суларсан учраас явуулын үйл ажиллагаа идэвхжиж эхэлж байгаа. Нийслэлийн хэмжээнд "Ковид-19”-ийн дархлаажуулалт эхэлсэн учраас цусны нөөц багасах эрсдэлтэй. Учир нь вакцин хоёр тунгаар хийгдэж байна. Вакцин хийлгэснээс хойш цусаа нэг сарын дараа өгөх боломжтой.
-Хөл хорионы үед явуулын цэгийн үйл ажиллагаа бүрэн зогссон гэж байна. Энэ үеэр цусны нөөц буурсан уу?
-Бид хөл хорио тогтоохоос өмнө төлөвлөгөө боловсруулж, бэлтгэл ажлыг хангаж, нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулсан. Хөл хорионы үед цусны нөөц 50 хувиар багассан. Одоогоор бол цусны хомстолд орсон зүйл байхгүй. Манай төв 30 гаруй төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Улаан эсийн бүтээгдэхүүн бүлгээс хамаарч 10-21 хоногийн нөөцтэй, ялтас цусны бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хадгалах боломжгүй учраас 3-5 хоногийн хугацаанд хадгалдаг. Удаан хугацаанд цус хадгалж нөөц үүсгэх боломжгүй учраас иргэдээс тогтмол цусаа авч байж, нөөцийг хангана. Иймээс ялтас цусны бүтээгдэхүүн дээр эрсдэл үүсгэх магадлалтай байгаа. Иргэд сайн дураараа цусаа бэлэглэдэг учраас бидний ажилд нэлээд дэмжлэг болдог. Манай төвд цусаа өгч байгаа бүх донорын мэдээлэл бий. Цусаа өгөх хугацаа нь болсон донор руу бид утасдаж цусаа бэлэглээрэй гэсэн урилгыг явуулдаг. Мөн цахим орчинд бүх мэдээллийг байршуулдаг.
-Донорууд бүртгэлтэй байдаг гэж байна. Нийслэлийн хэмжээнд тогтмол цусаа өгдөг хэчнээн донор байгаа вэ?
-Манай донорын ихэнх хувийг нь залуучууд эзэлдэг. Монгол Улсын хэмжээнд 36500 донор цусаа бэлэглэсэн байдаг. Үүний 80 орчим хувь нь нийслэлд цусаа бэлэглэдэг. Жилдээ 26 мянган донор цусаа бэлэглэдэг гэсэн үг юм. Ерөнхийдөө 16-60 насны 45кг дээш жинтэй өөрийгөө эрүүл гэж бодож байгаа хүн цусаа өгөх боломжтой. Нэг удаа 350-400 мл цус өгнө. Эрэгтэй хүний хувьд хоёр сар тутамд, эмэгтэй хүний хувьд гурван сар тутамд цусаа өгөх боломжтой юм.
- Одоо өдөрт хэчнээн хүн цусаа өгч байна вэ?
-Явуулын төвийн үйл ажиллагаа идэвхэжсэн. Цус цуглуулах хоёр төвөөр өглөө 08:00 цагаас өдрийн 14:00 хүртэл цусаа авч байгаа. Дүнжингарав төв дээр байдаг жижиг цус цуглуулах төвийн үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарласан байсан. Энэ төвийн үйл ажиллагаа энэ сарын 15- наас хэвийн ажиллаж эхэлнэ. Мөн явуулын багийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Гэхдээ явуулын багт цусаа бэлэглэж байгаа донорын тоо харьцангуй багассан. Одоо өдөрт 70-80 донор цусаа бэлэглэж байна. Ердийн үед 100-150 хүн цусаа өгдөг байсан.
-Халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн мөрдөж байна. Цусаа бэлэглэхээр ирж байгаа иргэд дэглэмээ баримталж байна уу?
- Цус цуглуулж байгаа хэсэгтээ өдөр бүр ариутгал халдваргүйжилтийг хийж байгаа. Цусаа бэлэглэхээр ирж байгаа иргэд зай бариулахаас гадна ковидын асуумж тандалтын судалгааг бөглүүлдэг. Ковидын үед мөрдөж байгаа бүх зөвлөмжийг мөрдөж ажиллаж байна. Иргэддээ уриалж хэлэхэд та цусаа бэлэглэснээр гурван хүнд амьдрал бэлэглэх боломжтой байдаг. Иймээс иргэд та бүхэн цусаа бэлэглээрэй гэж уриалмаар байна.