Б.Сувд: Цусны байнгын донор болох нь нэг удаа цусаа өгөхөөс илүү донорын эрүүл мэндэд ач холбогдолтой

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн  хүрээнд ЦССҮТ-д “Цусны аюулгүй байдал” төслийг 2015-2019 онд амжилттай хэрэгжүүллээ.  Төслийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын нэг хэсэг нь хүн амын дунд сайн дурын авлагагүй донорын талаар мэдлэг, хандлага, дадлыг тандах хоёр үе шаттай судалгаа байв. 2015 онд Улаанбаатар хот болон аймгийн төвүүд, сумын 3851 хүнийг хамруулсан эхний судалгааг явуулахад судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх нь цусны донорын талаар ойлголт мэдлэггүй байжээ. Тиймээс судалгааны үр дүнд үндэслэн цусны донорын талаар мэдлэг өгөх, эерэг хандлагыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааг ард иргэдийн дунд өргөн хүрээнд зохион байгуулсан нь өгөөжөө өгсөн байна.
Хоёр дахь шатны судалгааг 2019 онд мөн хот, хөдөөгийн 3782 иргэний дунд явуулсан бөгөөд төсөл хэрэгжих таван жилийн хугацаанд ард иргэдийн дунд цусны донорын талаар мэдлэгийн түвшин  сайжирсан нь судалгааны үр дүнгээс харагджээ. Зөв мэдээллээр хангагдсан иргэдийн тоо нэмэгдсэнээр эцсийн үр дүндээ улсын хэмжээнд цусны донорын тоо нэмэгдэж, доноруудын нас залуужсан байна. Энэ судалгааны үр дүнгийн талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга, Анагаах ухааны доктор Б.Сувдаас тодруулсан юм.
-Та ирргэдийн дунд цусны донорын талаарх мэдлэг, хандлага ямар байгааг тандах эхний судалгааг 2015 онд хийхэд гарсан үр дүнгээс товч дурдаач?
-Цусны донорын талаарх мэдлэг, хандлага, дадлын түвшин хүн амын дунд ямар байгааг бид 2015 онд судалсан. Судалгааг цусны донорын талаарх мэдлэг, хандлага, дадал болон цусны донорын талаар мэдээлэл авсан эх сурвалж гэсэн дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд тодорхой асуултуудад бичгээр хариулт авах, мөн энэ сэдвээр ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийсэн. Судалгаанд хамрагдсан 3851 хүний 1733 буюу 45 хувь нь эрэгтэй, 2118 нь эмэгтэйчүүд, дундаж нас нь 34.7 байв.
Иргэдийн цусны донорын талаарх мэдлэгийг тандах хүрээнд “Насанд хүрсэн хүний цусны дундаж хэмжээ хэд байдаг? Цусаа өгсний дараа хүний цус нөхөгддөг үү? Цусны донор гэж хэнийг хэлэх вэ?, Ямар тохиолдолд цус өгөхийг түр хойшлуулдаг?, цусаа нэг удаа бэлэглэсэн хүн хэдий хугацааны дараа цусаа дахин өгч болох вэ? гэх мэт иргэн бүрийн мэдвэл зохих 14 асуултаар мэдлэгийн түвшинг тандсан. Цусны донорын талаарх  иргэдийн хандлага, Монгол Улсад цусны донорын тоог нэмэгдүүлэх хэрэгцээ байгаа эсэх, шаардлага гарвал цусаа бэлэглэх эсэхийг судалсан. Судалгаанд оролцогч цусаа өгч байсан эсэх, анх цусаа өгөхөд төрсөн мэдрэмж, цусаа бэлэглэх болсон шалтгааныг тодруулах замаар дадлыг тогтоосон. 
-Үр дүн нь ямар байв?
-Насанд хүрсэн хүний цусны дундаж хэмжээ хэд байдгийг оролцогчдын 26.2 хувь нь мэдэж байсан бол таван жилийн дараа энэ үзүүлэлт 46.9 хувиар нэмэгдсэн байна. “Харьцангуй эрүүл атлаа ямар хүн цусны донор байж болохгүй вэ?, Ямар өвчтэй хүнийг цусны донор болохыг хориглодог вэ?” гэсэн асуултын хариуг 2015 онд 100 хувь “мэдэхгүй” байсан бол 2019 онд эхний асуултад судалгаанд оролцогчдын 11 хувь нь зөв хариулсан. Харин “Ямар өвчтэй хүнийг цусны донор болохыг хориглодог вэ?” гэсэн асуултад судалгаанд хамрагдсан 3782 иргэний 58.6 хувь нь зөв хариулсан эерэг үр дүн гарсан. Хүн амын талаас илүү хувь нь энэ талаар мэдлэгтэй болсон. Дараах тохиолдолд цусны донор болохыг хориглоно. Үүнд:
  • Сүрьеэ, тэмбүү В, С гепатитаар өвдсөн бол
  • Зүрх, бөөр, уушги, элэг, сэтгэц, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүдтэй
  • Нян бактери, вирус тээгч бол
  • Архаг архичин, мансуурах дон, биеэ үнэлэгч, бэлгийн гаж зуршилтай бол
  • Цус гоожимтгой, цус цусны эргэлтийн эмгэгтэй бол
  • Хорт хавдартай болох нь тогтоогдсон бол цусны донор байж болохгүй.
-Цусны донорын талаарх иргэдийн мэдлэг мэдээлэл хангалтгүй байсан нь хот, хөдөөгийн гэх харьяаллаас шалтгаалж байна уу?
-Судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх буюу 2304 нь Улаанбаатар хотын, 1387 нь аймгийн төвийн, 160 буюу 4.2-хон хувь нь сумын харьяалалтай байсан. Тэгэхээр хот, хөдөө амьдардгаас үл хамаарч нийт хүн амын дунд цусны донорын талаар мэдлэг, мэдээлэл хангалтгүй байсан нь харагдаж буй юм.
-Цусаа өгч байгаа донорын талаар иргэдийн хандлагыг судлахад ямар үр дүн гарсан бол?
-Сайн дураараа цусаа бэлэглэх талаар бодсон хувь эмэгтэйчүүдийн дунд эхний судалгаагаар 44.2, эрэгтэйчүүдийнх 37.9 байсан бол таван жилийн дараа энэ хандлага эмэгтэйчүүдэд 59, эрэгтэйчүүдэд 41 хувь болж нэмэгдсэн. Монголчууд цусны донорт хэрхэн ханддаг болохыг тодруулсан асуултад судалгаанд хамрагдсан иргэдийн 93.2 хувь нь “Цус бэлэглэх нь сайн үйлс” гэж хариулсан байдаг. Цусаа бэлэглэхгүй байгаа шалтгаанаа “Өөрийн цус багадна” гэх буруу ойлгож явсан хүний тоо 2015 онд 34.3 хувь байсан бол 2019 онд энэ үзүүлэлт 24.5 хувь болж буурсан. Мөн хэн цусны донор байж болох талаар мэдлэггүй хүний тоо 2015 оноос хойш таван жилийн дараа 30 хувиар буурсныг онцлон дурдах нь зүйтэй юм.
-Цусны байнгын болон нэг удаагийн донор байхын ялгаа нь юу вэ?  
-Монголчууд цусны донорыг хүндэтгэн, хайрладаг ч өөрөө донор болох санаачилга гаргах тал дээр тааруу байсан. Цусны донорыг байнгын болон нэг удаагийн гэж ангилдаг. Үүнээс байнгын донор нь илүү ач холбогдолтой. Цар тахлын энэ онцгой үед байнгын донорууд нөөц бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байна. Мөн цусны бүлэг өвөрмөц хүн өвдлөө гэхэд тухайн бүлгийн цустай байнгын донорыг дуудаж, өвчтэй хүний эрүүл мэнд, амийг аварна. Байнгын донорын ач холбогдол нь үүндээ байдаг. Судалгаанд хамрагдсан иргэдийн 23.1 хувь нь цусаа бэлэглэж байсан бол түүн дотроо 29 хувь нь амьдралдаа нэг удаа цусаа өгсөн гэж хариулсан байдаг. 
Цусны донорууд өөрийн дотны хэн нэгнийг цусны донор болгосон хувь 2015 онд 25.8 байсан бол энэ үзүүлэлт 2019 онд 37.5 хувь болж нэмэгдсэн. 2015 онд иргэд цусны донорын талаар хангалтгүй мэдээлэлтэй, цусаа өгөх дадал бага байсныг судалгаагаар тогтоосны дүнд нийтэд чиглэсэн цусны донорын хөдөлгөөнийг өрнүүлэх, зан үйлийн мэдээлэл харилцааны сурталчилгааг зохион байгуулсан. Тухайлбал, хүн амын дундах цусны донорын талаарх мэдлэг бага байсан тул хүн амд цусны донорын талаарх мэдлэг олгох ажлыг зохион байгуулсан. 
Цусны донорын талаарх хүн амын хандлага эерэг болох нь судалгаагаар тогтоогдсон учир энэ эерэг хандлагад суурилсан сурталчилгааг явуулж, цусаа бэлэглэх дадал тогтооход нь нөлөөлөх мессежүүдийг олон нийтэд өгснөөр эерэг үр дүнд хүрсэн. 
Жишээлбэл, 2015 онд цахим орчинд “цусны донор” гэсэн түлхүүр үгээр мэдээлэл хайхад 34700 үр дүн гарсан. Тэр мэдээллийн дийлэнх нь ярилцлага, дэлхийн донорын өдөр боллоо гэх мэт мэдээ, тайланшийг шинжтэй байв. Энэ судалгааны үр дүнд тулгуурлан олон нийтэд мэдлэг олгох, нэг удаа хэдэн гр цус өгөх боломжтой, хэн цусны донор болох боломжтой, цусаа өгснөөс хойш ямар хугацааны дараа нөхөн төлждөг гэх мэт мэдээллүүдийг өгсөн. 2019 онд “цусны донор” гэсэн түлхүүр үгээр мэдээлэл интернэтээс хайхад шинэ мэдлэг олгосон мэдээлэл 200 мянга орчим гарч ирсэн. Цахим орчинд цусны донорын талаар хүн амд мэдлэг олгоход чиглэсэн мэдээллийн сан үүссэн байна. Нийтэд чиглэсэн мэдээлэл өгөхийн үр дүн гарсан учир ЦССҮТ-д мэдээлэл, сургалт сурталчилгаа хариуцсан орон тоог гаргаж, нэг удаа цусаа өгсөн иргэнийг байнгын донор болгох чиглэлд анхаарал хандуулан ажиллаж эхэлсэн. 
-Тухайн улсын хүн амын хэдэн хувь нь донор байвал цус, цусан бүтээгдэхүүний эрсдэлгүй гэж үздэг бол?
-Улс орны хөгжлийн түвшнээс хамаарч энэ үзүүлэлт харилцан адилгүй. Өндөр хөгжилтэй орнуудад нийт хүн амын 3 хувь, Монгол шиг хөгжиж буй орнуудад хүн амын 1.5  хувь нь донор байвал улс орныхоо цус, цусан бүтээгдэхүүний наад захын хэрэгцээг хангана гэж үздэг. Манай улсын хувьд 1.5 хувиас аль хэдийнэ давсан нь төслийн бас нэг том үр дүн юм.  Иргэдийн дунд эрэгтэй хүний цус нөхөн төлждөггүй учир эрэгтэй хүн цусны донор болж болохгүй гэх мэт буруу ойлголт байсан. Хүний бие махбодь эрэгтэй, эмэгтэй ялгаагүй яг ижилхэн. Тиймээс судалгааны үр дүнд үндэслэн иргэдэд зөв мэдээлэл хүргэснээр 2019 оны судалгаагаар цусны доноруудын хүйсийн харьцаа 50:50 хувьтай болсон. Үүнд сурталчилгаа нөлөөлсөн гэж үзэж байгаа.
-Доноруудын дундаж нас хэд байгаа вэ? 
-Байнгын доноруудын дундаж нас ойролцоогоор 50 байна. Тэгэхээр байнгын доноруудын залгамж залуу үеийн донорууд гарч ирэхгүй бол манай улс байнгын донорын дутагдалд орох эрсдэлтэй. Төслөөс анх суурь судалгаа явуулахад доноруудын дундаж нас 60 байсан бол 2019 оны судалгаагаар харьцангуй залуужиж 50 болсон. Шинэ донорууд нэмэгдэж байгаа нь эндээс харагдаж байгаа юм.  
-Донор байхын ач холбогдол нь юу вэ?
-Иргэдтэй ганцаарчилсан ярилцлага хийж байхад нэг жирийн малчин “Цусны донор хүн бусдын эрүүл энх, сайн сайхны төлөө хүн өөрийнхөө эд эрхтэнээс өгч байгаагаас ялгаагүй. Тиймээс донор байх нь хамгийн том буян байх даа” гэж хэлсэн. Цусны доноруудын дундаж наслалт донор биш хүнээс өндөр байгааг олон судалгаагаар тогтоосон байдаг. Цусны донор тогтмол эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагддаг учир бие доройтохгүй. Хэн нэгэн хүнд тусалж байдаг учир сэтгэлийн баяр баяслыг авч чаддаг.
2019 оны судалгаагаар цусаа өгсний дараа “Таны бэлэглэсэн цусаар ЭХЭМҮТ-д хэвтэж байгаа хүүхдийн амийг аварлаа” гэсэн талархлын үгтэй мессэж ирэхэд үнэхээр аз жаргалтай болсон гэж донорууд ярьсан байдаг. Цусны донорууд төрөөс их юм хүсдэггүй. Цусаа хандивлаж байгаа сайн үйлээсээ баяр баясал аваад явдаг эгэлгүй баатрууд байдаг.


-Донорын хөдөлгөөнийг өрнүүлэх чиглэлээр ямар санаачилга гарган ажиллавал үр дүнтэй вэ?
-Нийгэмд сонирхлын маш олон клубууд бий болсон. Тухайлбал, Уулчдын клуб, Үнэртэй ус сонирхогчдын клуб, төрөл бүрийн спортоор дагнасан клубуудэд мэдээлэл хүргэвэл нийгмийн сайн сайхны төлөө санаачилга гарган ажилладаг нь өнгөрсөн хугацаанд харагдлаа. Мөн цаашид донор элсүүлэх, цус цуглуулах, байнгын донортой болох бүхий л үйл ажиллагаанд ашиглах мэдээлэл, сурталчилгааны материалтай болж үйл ажиллагааг тасралтгүй хийх гарын авлагатай болсон.
-Хүн ямар бүлгийн цустай, элэгний В, С вирустэй эсэхээ мэдсэн байх шаардлагатай юу?
-Элэгний В, С вирусийн халдвартай эсэхээ мэдсэн байх нь өөрийнхөө болон гэр бүл, үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой. Элэгний вирусийн халдвартай бол гэр бүлийнхэндээ халдвар дамжуулахаас сэргийлэх, мөн өвчнөө хүндрүүлэхгүйн тулд эрт эмнэлэгт хандаж, эрүүл амьдралын хэв маягт суралцах ёстой.
Насанд хүрсэн хүн бүр цусны бүлгээ мэдэж байх хэрэгтэй. Манайд цэрэг, цагдаа зэрэг хүчний байгууллагынхны формд цусны бүлгийг тавьсан байдаг нь ажил үүргээ гүйцэтгэж яваад гэнэтийн осол, халдлагад өртвөл эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэх агуулгатай юм. Цусны бүлгээ мэдэж байвал гэнэтийн осол гэмтлийн үед тохирох бүлгийн цусыг цаг алдалгүй сэлбэж, эрүүл мэнд амь насыг нь аварна. Хэрэв цусны бүлгээ мэдэхгүй бол шинжилгээ авч, хариу гарахыг хүлээх хүртэл яаралтай тусламж үзүүлэх цаг алдана. Гадны улс орнуудад хүүхдийг скаутын холбоонд элсэх үед нь цусны бүлгийг тогтоож, өөрт нь цээжлүүлдэг.  
скачать dle 12.0

Холбоотой мэдээ