Энэтхэг улсад халдвар их байгаа ч хөл хорио тогтоохгүй
Энэтхэг улсад коронавирусний халдвар эрчимтэй тархаж байгаа хэдий ч хөл хорио тогтоохгүй гэнэ. Тус улсын халдварын тохиолдол 20 сая давчихсан байгаа энэ үед сөрөг хүчний намынхан нь эрх баригчдаас үндэсний хэмжээнд хөл хорио тогтоохыг шаардаж эхэлж байна. Ерөнхий сайд Нарендра Моди хөл хорио тогтоосноор эдийн засагт муу гэж үзэж байгаа тул татгалзаж байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр мягмар гарагт 355 мянган хүнээс коронавирус илэрсэн нь /дөрөвдүгээр сарын 30-ны өдөр бүртгэгдсэн 400 мянган тохиолдлоос/ буурсан үзүүлэлт хэмээн жишээ татаж, хөл хорионоос татгалзаж буйгаа тайлбарласан байна.
Өнгөрсөн онд тэрбээр дөрвөн цагийн өмнө хөл хорио тогтоож буйгаа мэдэгдсэн нь иргэдийн дунд бухимдал үүсгэж, томоохон хямрал болох үндэслэлийг тавьсан хэмээн шүүмжлүүлжээ. Учир нь олон зуун мянган ажилчид төрөлх тосгон руугаа зуу зуун км алхаж харьсан байна.
Хязгаарлалт тогтоох шийдвэрийг мужуудын захиргаа гаргадаг ч Нарендра Моди хөл хорио бол хамгийн эцсийн арга хэмжээ гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Тус улсын ихэнх мужууд бүх нийтийг хамарсан хөл хорионоос эхлээд шөнийн цагийн хязгаарлалт хүртэл тогтоож байв. Энэтхэгт олныг хамарсан баяр наадам, сонгууль зохион байгуулах зэргээр халдвар хамгааллын дэглэм зөрчсөнөөс цар тахлын хоёр дахь давлагаа гарч, эмнэлгүүд дүүрсэн байна.
Шинжилгээ хийх оношлуургүй болж, эмнэлгийн орны хомсдол, хүчилтөрөгч болон эмнэлгийн хэрэгслийн гачигдлаас болж нас баралт нэмэгджээ.
Тус улсад 222 мянган хүн нас барсан гэж мэдээлж байгаа ч бодит байдалд түүнээс олон хүн хорвоог орхисон байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: ВВС