С.Эрдэнэбат: Монголчуудын дундаж цалин 2014-2023 он хүртэлх 9 жилийн хугацаанд ердөө 40 доллараар нэмэгдсэн
Төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл нь ялгавартай байгаа бөгөөд МҮЭ-ийн холбоо энэ ялгаварлан гадуурхлыг арилгахын төлөө авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон зарим тулгамдсан асуудлаар мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх цаг болсон байна. Олон улсын жишгээр авч үзвэл манай улсын цагийн хөлс 1 ам.доллар байна. Харин БНСУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 7 ам.доллар байдаг. Энэ мэт зүйлээс болж хөдөлмөр эрхлэх насныхан гадны улсад хөдөлмөрөө үнэлүүлэхээр зорьж байгаа юм. Мөн гурван ам бүлтэй айл сард 1,6 сая төгрөгтэй байснаар наад захын хүнсний хэрэгцээгээ хангана. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг байгаа нь өөрөөсөө гадна үр хүүхдээ ч тэжээх боломжгүй мөнгөн дүн. Нэг хүн багадаа 620 мянган төгрөгтэй байж л өөрийн хэрэглээг арай ядан хангана.
Монголчуудын дундаж цалин 2014-2023 он хүртэлх 9 жилийн хугацаанд ердөө 40 доллараар нэмэгдсэн байна.
Их хэмжээний зээл аваад ирээдүйд сонгуулийн дараа төлнө гэдэг байдлаар хойш тавьсаар цалин хөлс, нийгмийн хамгаалал нь буурч байна. Бидний шаардлагыг хавар болтол хүлээж авахгүй бол хатуу тэмцэж эхэлнэ гэдгээ мэдэгдэж байна" гэв.