Нийт нутгийн 30 орчим хувьд 16-25.0 см хүртэл зузаан цасан бүрхүүлтэй байна
Улсын Онцгой комиссын I хуралдаан болж, коронавируст халдварын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт болон мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд 16-25.0 см хүртэл зузаан цасан бүрхүүлтэй байна.
Нийт нутгийн цасны тогтоц өмнөх 7 хоногоос 30 хувиар буурч 9 аймгийн 16 сум, нэг дүүрэг цагаанаар зудархуу болж зудтай болон зудархуу сумдын тоо 25-аар буурчээ. Засгийн газар, УОК-ын зүгээс 14 аймагт 1,171.0 тн өвс, 8,624.0 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлттэй үнээр олгосон бол цас их орсон сумдад зам гаргах, иргэдэд эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг хүргэхэд нь зориулж Ховд аймгийн онцгой комисст 30 тонн дизель түлш, 20 тонн АИ-92 бензин дэмжлэгийг Улсын онцгой комиссоос үзүүлсэн. Хуралдаанаар малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Мал, амьтны гоц халдварт өвчний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтансүхэд үүрэг болгов.