Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт pimis.publicinvestment.gov.mn цахим системд шилжлээ


Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, үр ашиг болон үр өгөөжийг сайжруулах, иргэдийн оролцоог бий болгох зорилтын хүрээнд Сангийн Яам болон Азийн хөгжлийн банк хамтран нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг pimis.publicinvestment.gov.mn системд холболоо. Ийнхүү нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилтийг цахимаар хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна.
НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр “Өнгөрсөн онд нийслэлийн төсвийг батлуулах үеэр бид Сангийн яам болон Азийн хөгжлийн банканд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийг цахимжуулах санал тавьсан бөгөөд өнөөдөр цахим системд бүрэн шилжиж буйд баяртай байна” хэмээв.
Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал “Азийн хөгжлийн банктай хамтран сүүлийн гурван жил улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтийн үйл явцыг бүрэн цахимжуулсан. Тодруулбал, төлөвлөлтөөс эхлүүлэн хэрэгжилт, санхүүжилт, хяналт тайлагналын үйл ажиллагаа бүгд ил тод нээлттэй гар утасны аппликейшн болон вэб сайтад байршиж буй. Харин энэ удаа НИТХ-аар баталдаг хөрөнгө оруулалтыг уг цахим системдээ нэгтгэн, бүрэн цахимжуулсан бөгөөд энэ талаарх мэдээллийг гар утас болон вэб сайтаас нээлттэй хүлээн авах боломжтой боллоо” гэлээ.
Төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийг цахимжуулснаар:
Төлөвлөлтийн шатанд хөрөнгө оруулалтын ажлын саналыг цахим системээр авч, тусгай шалгуур үзүүлэлтээр үнэлж, төслийн эдийн засгийн үр, ашиг, ач холбогдлыг тооцон эрэмбэлэн сонгох боломжтой болж буй. Ингэснээр төлөвлөлт илүү бодитой, судалгаатай болно.
Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний саналын бодлогын баримт бичгийн уялдааг хялбар шалгах, “Барилгын хөгжлийн төв”, “Эрчим хүчний хөгжлийн төв”, “Зам, тээврийн хөгжлийн төв”-ийн магадлалын сангаас ажлын зураг, төсөвт магадлал хийсэн мэдээллийг цахимаар татаж үзэх боломжтой.
Анхан шатны санал өгсөн байгууллага өөрийн саналыг хаана, ямар үндэслэлээр хасагдсан болон хэрхэн эрэмбэлэгдэж, үнэлэгдсэн зэргийг харах боломжтой.
Хэрэгжилтийн шатанд төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын (publicinvestment.gov.mn) цахим системийн тусламжтайгаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн гэрээг бүртгэлжүүлж, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд гүйцэтгэлийн санхүүжилтийн хүсэлтээ системээр илгээж, санхүүжилт захиалагчаас хяналтын байгууллага руу, хяналтын байгууллагаас гүйцэтгэгч рүү шилждэг үе шат байхгүй болж, шууд гүйцэтгэгчид шилжих нөхцөл бүрдэж байна.
Гүйцэтгэгч байгууллагууд өөрийн санхүүжилтийн хүсэлтийг аль шатанд явж байгааг цахим системээр хянах боломжтой болж байна.
Ийнхүү цахимжсанаар дээр дурдсан ач холбогдлуудаас гадна хөрөнгө оруулалтын ажлын үйл явцын холбогдох мэдээллийн цахим мэдээллийн сан бий болж байгаа юм.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ