Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүллээ
Пүрэв гарагийн УИХ-ын чуулганаар жонхуу хутгасны эцэст Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм. Ерөнхий прокуророос орж ирсэн хүсэлтийн дагуу Халдашгүй байдлын дэд хороо дуншиж дуншиж арай гэж хуралдсан. Улмаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжсэн. Харин хоёр байнгын хороогоор асуудлыг хэлэлцэхэд түдгэлзүүлэхийг дэмжээгүй. УИХ-ын чуулганаар асуудлыг хаалттай хэлэлцэж, нууцаар санал хураасан. Гишүүдийн ихэнх нь дэмжсэн. Гэвч шийдвэрийг албажуулах УИХ-ын тогтоолын төслийг дэмжих санал хураалтыг илээр явуулахад, олонх нь татгалзаж, унагасан юм. Ингэснээр МАН-ын мухардалд орж, завсарлага авсан. Энэ хооронд Н.Номтойбаяр гишүүн чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өгч, ТББХ-ныхон ч дэмжсэн юм. Гэвч чуулган хуралдахад дахиад л мухардаж, эцэстээ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Ийнхүү Н.Номтойбаяр гишүүн бүрэн эрхээ хасуулж, үнэн мөнөө тогтоолгохоор боллоо.