Сүүний таг ба Чингис хааны хуруу
-сүүтэй фельетон-
Цагаан сарын босгон дээр монгол наадам нэгээр нэмэгдэв. Энэ бол сүү онгойлгох наадгай. Манай Сүү ХХК “Нээж чадвал, ууж чадна” гэдэг философитой, таглааны оромтой бүтээгдэхүүн шинээр гаргаснаас эхтэй ажгуу.
Шинэ наадгайг ингэж тоглоно. Хөвүүд охид хоёр тал болоод, Сүү ХХК-ын тетрапакю савлагаатай сүүг уралдан онгойлгоно. Мэс хэрэглэлгүй, бас аль болох цөөхөн хумсаа хугалж, бусдаасаа олонгүй хуруу булгалсан тал нь хождог дүрэмтэй.
Ер нь бол Чингис хаан багадаа, хувинтай хөлдүү сүүг хуруугаараа цоо цохин сордог байснаас үүдэн Сүү ХХК-ны таглаа ийм болсон домогтой бөлгөө. “Монголын нууц товчоо”-нд “Монгол хүнийг хурууны бядтай байг гэж Монгол сүүнийхээ тагийг чанга хийдэг” гэснээс харахад эртний уламжлал байсан байх гээд байна.
Таглааны мөрөөр, түүх археологийн олдворууд ч нэмэгдсээр. Шинэхэн сурвалжид өгүүлснээр, Алангуа эх таван хүүхдийнхээ өмнө нэг таглаатай сүү тавиад амархан онгойлгуулжээ. Дараа нь таван таглаатай нэг сүү өгч үйлийг нь үзээд “Та нар нэг таглаатай бол ийм амархан нээгдэнэ. Харин таван тагтай сүү мэт явбал хэнд ч уулгахгүй” хэмээн сургасан гэх.
Малчин ардууд шинэ хүргэнээ сээр хуга цохиулан тэнсдэг байсныг бид мэднэ. Харин өнөөгийн Улаанбаатарчууд охинтойгоо болзож байгаа хөвүүнийг “Алив хүүхээ. Охинтой минь суух санаатай юм бол энэ сүүг онгойлгоодох” гэх болж. Энэ бүхнээс үүдэн залуу хөвүүдэд зориулсан төмөр хуруувч хүртэл бүтээгээд, интернэтээр зараад эхэлж.
Маникюр, пэдикюрийн газарт байнга сүү онгойлгодог эзэгтэй нарт зориулсан “жадан” болон “хөрөөн” заслын моод гаргаад удаагүй байнам. Хэрвээ эрчүүд хүсвэл хумсыг нь пиво онгойлгогчтой болгож ч болно гэнэ.
Дарвисан хөвүүд “Эр хүн юугаараа ч юуг ч цоолно” гэсэн фээс групп нээгээд хамраараа, тохойгоороо, хөлөөрөө сүүний таглаа онгойлгон “лайв”-даж байна. Ингэдэг насыг яалтай ч билээ.
Өгүүлэн буй “Нээж чадвал ууж чадна” сүү айл өрх бүрт аз жаргал нэмлээ. Эхлээд, сүүгээ онгойлгож хүчрэхээ байсан эзэгтэй нөхрөө дуудна. Нөхөр нь үзэж байсан зурагтаа орхин “Ишш, иймхэн юмыг чадахгүй. Намайг эзгүйд хэцүүдэх айл шүү” гэж даналзсаар ирэх боловч бас л хүчрэхгүй. Гэвч ичсэндээ болоод хэнийг ч дуудахгүй.
Харин эхнэр завшааныг ашиглан “Эцэг шиг юмандаа туслаач” гэж утсаа ухаж суусан хүүхдүүдээ бахтайгаар урина. Ийнхүү бүтэн гэр бүлээрээ нэг өрөөнд цугларч “Пээх, Аавын үс бууралтаад эхэлчихэж”, “Чи чинь энэ жил хэддүгээр ангид сурч байгаа билээ”, “OMG! Ээж тэтгэвэрт гарчихсан юм байна шдээ” гэлцэн амьд яриа өрнүүлэх болжээ. Улмаар, нэг хэсэгтээ л хуруу эмзэглэх тул зурагтын гар, утасны дэлгэц маажиж чадахаа болиод бие биетэйгээ л ярилцаж, гэр бүлийн амьд харилцаа сэргэн, сэргэсээр. Эндээс үүдэн “Чөмөгнөөс хутгаа, тагнаас хуруугаа” гэсэн зүйр үг ч гарсан байна. Хүмүүс сүүний таглаа нээх гэсэн биш гэр бүлээ нээж байна, Сүү ХХК-даа баярлалаа гээрэй.
Нийгмийн сүлжээгээр ийм нэгэн хөгжөөнтэй заавар түгж явсныг хуваалцаж байна
Спорт, урлагийн салбар салбарт ч сүү онгойлгох үзүүлбэр нэвтэрч байна. Биатлоны тамирчид байныхаа оронд монгол сүү тавиад бууддаг болсон гэнэ. Хамгийн гол нь сүүгээ цоо буудаад, гожгодохоос нь өмнө амжиж сорчихоод, цааш уралдах учиртай ажгуу.
Цагдаагийн тусгай албанд шинээр элсэгчдийн шалгалтанд сүүг нэг хуруу ашиглан онгойлгох чадвар оржээ. Тагнуулын албаны дотоод дүрмийн “К” хэсэгт “Албаны нууцыг хадгалахыг тулд, Амаа сүүний таглаа мэт үл нээх” хэмээн бичигдсэн байдааг гэж тэндээс халагдсан хүн ярьж байхыг сонсов.
Яруу найрагт “Сүү нээдэг сүмбэн хуруунд чинь, Сүнс хоргодоод танайд үлдлээ.Таглаа нээдэг тачаангүй хуруунд чинь, Тамир барагдаад танайд хонолоо...” гэсэн мөрүүд аль хэдийнэ ороод ирж. Зарим хийдэд “Тагны даллага” авч байхад, йога бясалгагчид түрүүчээсээ “Сүү ХХК-ын савлагааг харцаараа онгойлгох зэргэмж” гэдэгт хүрээд эхэлчихсэн байх жишээний.
Сайны хажуугаар саар гэгчээр, үнээгээ саахын оронд дэлэнг нь хуруугаараа онгойлгох гэж оролдсон, амаржсан эхнэрийнхээ хөхийг нь онгойлгоно гээд “штоопор” барьчихсан ирсэн явдал ч дуулдаж байна.
Сүүний шинэ таглаа бол үндэсний үйлдвэрлэгч нараас бидэндээ барьсан “их сорилго” яах аргагүй мөн бөгөөд ард түмний шинэ шинэ боломжуудыг нээж байнам. Угаасаа ч Чингис хаан маань “Сүүг саах амархан, уух хэцүү” гэж сургасан гэх.
Төгсгөлд нь биднийгээ умдаалж, бас хөгжөөж байгаа Сүү компанидаа амжилт хүсье. Та нар маань “Жаран жил монгол айлын цайг сүлсэн” нь үнэн билээ л. Бас уншигч олноосоо монгол сүүгээ хэрэглэхийг уриалж байна. Учир нь, Дорно дахинд “Сүү байхад хуруу олдоно” хэмээн сургасаар ирсэн хэмээнэ.