Н.Учрал: Хувийн тэтгэврийн сангийн хуулийн төслийг өргөн барина
УИХ-ын даргын захирамжаар тэтгэврийн шинэчлэл хийх ажлын хэсэг байгуулсан билээ. Тодруулбал, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын Н.Учралыг ажиллуулахаар болсон юм. Тэгвэл ажлын хэсгийнхэн хаврын чуулганаар Хувийн тэтгэврийн сангийн хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа аж. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Манай улс 1995 оноос шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоонд шилжсэн. Үүнээс хойш ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг одоо харж байгаа байх. Үе үеийн Засгийн газар тэтгэврийн шинэчлэл ярьдаг. Гэсэн ч улсын төсвөөс татаас авах, тэтгэврийн насыг хойшлуулах, шимтгэлийг нэмэгдүүлэхээс өөр ямар ч арга хэмжээ авахгүй байна. 2050 он гэхэд ДНБ-ий таван хувьд хүрэх эрсдэл бий болсон. Бид одоогийн тогтолцоогоор цаашдаа явахаа байлаа. Энэ тэтгэврийн тогтолцоо өөрөө тэтгэвэрт гарчихлаа гэдгийг судлаачид хэлж байна.
Ажлын хэсгийнхэн хаврын чуулганаар Хувийн тэтгэврийн сангийн хуулийн төслийг өргөн барина. Гол концепц нь иргэд төрийн болон хувийн тэтгэврийн сангаас зэрэг тэтгэвэр авах боломжтой. Ингэснээр хөрөнгийн зах зээл сэргэж, төгрөгийн ханшийг барих гээд олон боломж бий болно. Улсад төлж байгаа есөн хувийн шимтгэлээс тодорхой хэсгийг хувийн тэтгэврийн санд төлдөг байх боломжийг олгоё гэж байгаа юм. Хувийн тэтгэврийн сангуудыг төрөөс бодлогоор дэмжих нь зөв. Харин нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Засгийн газар өөрөө өргөн барих ёстой. УИХ-ын гишүүдийн зүгээс Хувийн тэтгэврийн сангийн хуулийн төслийг өргөн барьж, тогтолцооны хувьд нэг алхам урагшлах боломжтой гэж харж байгаа” гэсэн юм.