Монгол, Японы хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар цахимаар санал авч байна

Манай улсын компани, ААН-үүд Японы зах зээлд 9300 төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татварын хөнгөлөлттэйгээр экспортлох боломжтой. 
Энэ боломжийг хоёр орны хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай Япон улс, Монгол улс хоорондын хэлэлцээр” /Japan- Mongolia Economic Partnership Agreement/ олгож байгаа юм. 2016 оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжиж буй тус хэлэлцээрээр хоёр талын худалдааны эргэлт, экспортлож буй барааны нэр төрөл болон хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсээр байна.
ГХЯ МҮХАҮТ хамтран хоёр улсын хэлэлцээрийн ашиглалтыг сайжруулах, үндэсний экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Гэвч Монгол Улсын Онцгой комиссоос шинэ коронавирусний болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгууллахыг түр хугацаагаар хязгаарлан шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан хоёр орны “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр"-ийн ашиглалт хэрэгжилтийн талаар ААН-үүдийн санал, хүсэлтийг ГХЯ, МҮХАҮТ хамтран цахимаар хүлээн авахаар шийдвэрлээд байна.
Хоёр улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой санал, хүсэлт, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаарх мэдээллийг энэ оны 2 дугаар сарын 14-ний дотор МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт хүлээн авах юм байна. ААН-үүдээс ирүүлсэн санал, хүсэлтэд тусгасан зарим нийтлэг зүйлийг ГХЯ-аар дамжуулан шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаар МҮХАҮТ-аас төлөвлөж байгаа талаар мэдээллээ. 



скачать dle 12.0

Холбоотой мэдээ