Дональд Трамп батлан хамгаалахын зардалд 740 тэрбум ам.доллар хүсэхээр төлөвлөжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа 2021 оны санхүүгийн жилийн /10 дугаар сарын 1-нээс эхлэх/ төсвийн төслөө танилцуулахаар төлөвлөж байна. Уг төсөлд батлан хамгаалахын салбарт 740 тэрбум 5 сая ам.доллар зарцуулахаар тусгасан гэж “The Wall Street Journal” сонин мэдээлжээ.
Тус сонинд бичсэнээр, Трампын засаг захиргаа 2021 оны санхүүгийн жилийн төсвийн зардлыг 4 их наяд 8 тэрбум ам.доллар байхаар тооцоолсон байна. Албаны эх сурвалжуудийн мэдээлж байгаагаар, төсвийн төслийг даваа гарагт нийтлэх аж. Трампын засаг захиргаа батлан хамгаалахын зардлыг 0.3 хувиар 740 тэрбум 5 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх, харин цэргийн бус зардлыг 5 хувиар бууруулж 590 тэрбум ам.доллар болгохыг санал болгожээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвд зарцуулах зардлыг 12 хувиар нэмэгдүүлэх, мөн Байгаль орчныг хамгаалах агентлагт хуваарилах төсвийг 26 хувиар бууруулахаар тусгасан байна. Түүнчлэн Мексиктэй залгаа хилийн дагуу хана босгоход 2 тэрбум орчим ам.доллар хүсжээ.
Ерөнхийлөгчийн засаг захиргааны боловсруулсан төсвийн төсөл нь АНУ-ын одоогийн засаг захиргааны баримталж буй тэргүүлэх чиглэлүүдийг тусгасан, тус улсын Конгрессод илгээдэг хүсэлт юм. Конгрессын Төлөөлөгчдийн болон Сенатын танхим өөрсдөө Засгийн газрын зардлыг боловсруулж, баталдаг бөгөөд үүний дараа төрийн тэргүүн эцсийн баримт бичигт гарын үсэг зурах эсвэл татгалздаг ажээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ