Монголчуудын тусламж БНХАУ-ын ард түмэнд
Монгол, БНХАУ мөнхийн хөрш. Тиймдээ ч өвчин эмгэг, байгалийн давагдашгүй хүчтэй тулгарсан үед харилцан тусламжийн гараа сунгах нь зүйн хэрэг. Энэ ч үүднээс Засгийн газрын өнгөрсөн сарын 31-ны хуралдаанаар БНХАУ-д 200 мянган ам.долларын тусламж олгох болов.
БНХАУ-д анхлан дэгдсэн коронавирусний халдвар 25 оронд тархаж, өнөөдөр (2020.2.10)-ийн байдлаар 40542 хүн халдварлаж, 909 хүн нас барсан бол 3283 хүн эдгэрчээ. Энэхүү вирусний халдвар БНХАУ-ын хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт ч ихээхэн хүндрэл учруулж буй. Тиймээс ч энэхүү халдварыг даван гарахад нь сайн хөршийн ёсоор Монгол орон тусламжийн гараа сунгаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар БНХАУ-ын Дарга Си Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нарт захидал илгээсэн. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Ид өнгөрсөн сарын 29-нд захидал илгээхдээ БНХАУ-ын ард түмэн энэхүү цаг үеийн хүндрэлийг даван туулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд ч томоохон сорилт болж буй халдварт өвчний тархалтыг зогсоож, хяналтад авахад уялдаа холбоотой, харилцан ойлголцсон хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлоод Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдтэй чин сэтгэлээсээ хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
БНХАУ-д туслах үйлс зөвхөн Монгол Улсын Засгийн газраас олгох 200 мянган ам.доллараар хязгаарлагдахгүй. Монгол Улсын соёл урлаг, аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид шинэ коронавируст халдварын тархалтын үед нэн шаардлагатай амны хаалт, бээлий зэрэг 3 сая төгрөгийн эмнэлгийн хэрэгслийг БНХАУ-ын ЭСЯ-нд энэ сарын 4-нд хандивлалаа. Уг хандивын зүйлсийг хоёр улсын худалдааны чухал боомт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урдын дунд хошуунд илгээх аж. Мөн МҮХАҮТ нь гишүүн байгууллагууд болон нийт бизнес эрхлэгчдийг уриалан БНХАУ-ын Ухань хотод тусламж дэмжлэг үзүүлэх хандивын аян эхлүүлсэн. Аяны хүрээнд МҮХАҮТ 25 сая төгрөг, МҮХАҮТ-ын дэргэдэх “Монгол-Хятадын бизнесийн зөвлөл” 5 сая төгрөг ,“Талын Хишиг Майнинг” ХХК 100 сая төгрөг, "Лава Лийжюр" компани 10 сая төгрөгийг БНХАУ-ын Элчин сайдын яаманд өнөөдөр хүлээлгэн өгсөн юм.
Үүнээс гадна Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгээс төрийн болон ТББ-ууд, аж ахуйн нэгж, иргэдийг БНХАУ-д туслах уриалга гаргаж, тус нийгэмлэгийн Хас банкан дахь 5003011207 дансаар хандив хүлээн авч буй юм. Түүнчлэн Хүнс, Хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци, Монгол-Өвөр Монголын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран “Нэг хүн-Нэг мянган төгрөг” уриан дор “Халуун сэтгэлийн хандивын аян”-ыг энэ сарын 02-ноос өрнүүлж байна. Хандивын хүрээнд цугласан мөнгийг ирэх сарын 3-нд БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгч, хандив өгсөн хүмүүсийнн нэрсийг зарлах юм.
БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож буй Чай Вэньруй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа энэ сарын 3-нд гардуулсан. Энэ үеэр ноён Чай Вэньруй, “Хүнд хэцүү энэ цаг үед БНХАУ-ын стратегийн түнш Монгол Улс, түүний ард түмэн чин сэтгэлээсээ дэмжиж буйд гүнээ талархаж байна. Энэхүү халуун сэтгэлийг Хятад Улсын төр, ард түмэн хэзээ ч мартахгүй” хэмээсэн юм.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д 200 мянган ам.долларын тусламж олгох болсон. Мөн ОХУ, Австрали, Япон, БНСУ, Казахстан. Киргизстан, Тайланд, ХБНГУ, Их Британи, Франц, Итали, Унгар, Беларусь, Турк, Шинэ Зеланд зэрэг 20 улс хүмүүнлэгийн тусламж илгээсэн байна.