Цахилгаан автобусыг ирэх сарын 2 хүртэл туршина
Нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобус үйлчилгээнд явуулахаар туршиж байгаа билээ. Тодруулбал, Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinlong Energy” компанийн найман цахилгаан автобусыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилчид туршиж байгаа юм. Уг автобус нь дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 60 хувь зардал хэмнэдгээрээ онцлогтой юм.
Нийт 36 хүний суудалтай тус цахилгаан автобусыг цэнэглэх зориулалтын хоёр цэгийг байгуулжээ. Цаашид цахилгаан автобусыг цэнэглэх байршлуудыг нэмэхээр судалгаа хийсэн бөгөөд үйлдвэрлэгч компанийн зүгээс цахилгаан автобусанд найман жил, батарей буюу цэнэглэгчид 30 жилийн баталгаа өгсөн байна.
Туршилтаар явж байгаа энэхүү цахилгаан автобус нь -50+ 50 градуст ажиллах ажиллах чадвартай, батарей нь нано технологиор үйлдвэрлэгдсэн 12 метр урттай 15-20 минутад бүрэн цэнэгээ авдаг давуу талтай аж. Түүнчлэн автобусны цонхнууд нь хоёр давхар шилтэй вакуум учир өвлийн улиралд цантахгүй. Зааландаа найман халаагууртай, хяналтын таван камертай, зориулалтын гэрэлт самбар зэргийг байршуулж зорчигчийн тав тухыг бүрэн хангажээ.
Уг цахилгаан автобуснуудыг ирэх сарын 2-ны өдөр хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулахаар болжээ.