Жүжигчин Л.Нурбулан таалал төгсжээ
Нэрт жүжигчин Латиф агсны бага хүү, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Л.Нурбулан таалал төгсчээ. Тэрбээр хүнд өвчинтэй олон жил тэмцсэн юм.
Монголын мянга мянган хүүхэд багачуудын хайртай жүжигчин Латифын Нурбуланд туслах зорилгоор Монголчууд “Дулаан сэтгэл” хандивын аян өрнүүлж, тодорхой хэмжээнд дэм тусыг үзүүлж байв.
Тэрбээр сүүлд буюу 2019 оны аравдугаар сард “Дулаан сэтгэл” хандивын тоглолтын өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа эрүүл болоод эргэн ирээд ээждээ очно, бас ажлаа хийнэ гэж ярьж байв.
Л.Нурбулан агсан “Нас яваад тэр үү. Нөгөө талаас их удаан өвдөхөөр ээжийгээ маш их боддог болдог юм байна. Өрөвдөнө, хайрлана, санана гээд л. Ээждээ эрүүл саруул болоод очих юм сан гэж ямар их хүсэж байна вэ” хэмээн ярьж байлаа.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлье.