Зорчигч 35 хувиар цөөрсөн ч автобусны тоог бууруулахгүй
Коронавирусний өвчнөөс сэргийлэх үүднээс хорио тогтож, хөл хөдөлгөөн багаснаар нийтийн тээврээр зорчих хүний тоо 35 хувиар буурчээ.
Зорчигчдын 20 орчим хувийг оюутан, 15 хувийг сурагчид эзэлдэг байна. Өнөөдрийн байдлаар нийтийн тээвэрт зорчигчдоос тэдний эзлэх хувь буурсан талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ. Нийслэлд өнөөдөр 94 чиглэлд 924 автобус үйлчилж байна. Хэдийгээр зорчигчдын тоо буурсан ч хүйтний улирал дуусаагүй байгаа учраас автобусны гаралтын тоог бууруулахгүй гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газрын хэлтсээс мэдээлж байна.
Иргэд амралтын өдрүүдэд гэр бүлээрээ ууланд алхах нь нэмэгдсэн. Тиймээс Нийтийн тээврийн үйлчилгээний газраас Хөгжим бүжгийн коллежоос (Консерватори) Богдхан уул хүртэл нийтийн тээврийн автобусны шинэ чиглэл нэмж, 4 автобус үйлчилгээнд гаргаад байгаа аж.