Setguul.mn

"Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв ОНӨААТҮГ" хэвлэлийн ажлаа хувааж, хууль бусаар санхүүжүүлсэн үү?

Хуваалцах:
"Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв ОНӨААТҮГ" хэвлэлийн ажлаа хувааж, хууль бусаар санхүүжүүлсэн үү?

Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд худалдан авах ажиллагаа, тендер шалгаруулалтыг нээлттэй, шилэн зохион байгуулах ёстой гэх хуулийн заалтыг Нийслэлийн "Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв" ОНӨААТҮГ ноцтой зөрчсөн байж болзошгүй баримтууд ил боллоо. Тус байгууллага нь хэвлэл, мэдээллийн ажил гүйцэтгэх нэрийдлээр нэгэн компани руу их хэмжээний санхүүжилтийг нээлттэй тендер зарлалгүйгээр, зориуд 5 хуваан шилжүүлсэн нь Шилэн дансны мэдээллээр баримтжуулагдсан байна.

Зориуд хуваасан уу, Зөрчлөөс зугтсан уу?

"Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв" ОНӨААТҮГ-аас "МКОР ХӨТӨЧ" ХХК руу шилжүүлсэн гүйлгээнүүдийг тулгаж үзвэл, нэг урсгал ажил байх магадлалтай санхүүжилтийг хуулийн босго дүнд тааруулж дараах байдлаар хуваажээ.
• 1-р гүйлгээ: 15,000,000.00 ₮
• 2-р гүйлгээ: 19,900,000.00 ₮
• 3-р гүйлгээ: 19,800,000.00 ₮
• 4-р гүйлгээ: 13,500,000.00 ₮
• 5-р гүйлгээ: 16,000,000.00 ₮ (Утга: Хэвлэл)
Эдгээр гүйлгээний нийт дүн 84.2 сая төгрөгт хүрч байна. Хэрэв тус байгууллага 84 гаруй сая төгрөгийн хэвлэлийн ажлыг нэгдмэл байдлаар шууд гэрээ байгуулан авсан бол Төрийн худалдан авах ажиллагааны хуулийг шууд зөрчих байв. Тиймээс хуулийн дагуу заавал зарлах ёстой "нээлттэй тендер"-ээс зугтаж, үнийн дүнг 13-19 сая төгрөгийн хооронд 5 хуваан, "шууд худалдан авалт" хийсэн мэтээр дүр үзүүлсэн үү гэх хардлагыг төрүүлж байна.


Хуулинд юу гэж заасан байдаг вэ?

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн дагуу захиалагч этгээд нь нээлттэй тендер шалгаруулалт явуулахаас зайлсхийх зорилгоор худалдан авах ажиллагааг үе шат, багцад зориуд хуваахыг хатуу хориглодог. Түүнчлэн, тус компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй Төгсамар Энхтүвшин болон тус ОНӨААТҮГ-ын шийдвэр гаргах түвшний дарга нарын хооронд ашиг сонирхлын хувийн болон бизнесийн хамаарал байгаа эсэхийг Авлигатай Тэмцэх Газар (АТГ) шалгах шаардлагатай нөхцөл байдал үүсээд байна.
Нийтийн хөрөнгө, иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг төрийн өмчит байгууллага яагаад ганцхан компанийг онцлон, ийм арга замаар давуу байдал олгож санхүүжүүлэх болов? Энэхүү хууль бус байж болзошгүй санхүүжилтийн хэргийг Сангийн яам болон хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авч, тухайн ОНӨААТҮГ-ын удирдлагуудад хариуцлага тооцох ёстой.

Энэ мэдээ танд ямар санагдсан бэ?

Сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд setguul.mn сайт хариуцлага хүлээхгүй.

  • Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь та байгаарай!